Цагаандэлгэр суманд шинэ ШТС барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-08 14:56:12
Дундговь /МОНЦАМЭ/. Цагаандэлгэр сумынхан шинэ Шатахуун түгээх станц/ШТС/-тай газартай болохоор зэхэж байна. Ингэснээр ард иргэд шатахуун авахаар зэргэлдээ аймаг, сум руу давхидагаа больж орон нутгаасаа худалдан авах нөхцөл бүрдэж, тулгамдаж байсан нэг асуудал шийдэгдэнэ гэж Засаг дарга Д.Буджав ярилаа.
Тус суманд Петровис ХХК-ийн шатахуун түгээх салбар нэгж үйл ажиллагаа явуулдаг ч зөвхөн А80 шатахуунаас өөр төрлийн шатахуун худалддаггүй нь ард иргэдийн хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм.
“Шатахууны нэр төрлийг нэмэгдүүлж өгөхийг сумын өмнөх удирдлагууд удаа дараа хүссэн ч хүн ам цөөн, аймгийн төвөөс хол зайтай, зах зээлийн багтаамж бага суманд нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг хариуг сонссоор ирсэн. Тиймээс сумын Засаг даргаар томилогдсон даруйдаа эхэлж шийдэх асуудал бол шатахуун түгээх газрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн ард иргэдийн саналыг ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм. Бидний хүсэлтийг “Хөрс сэрвис” ХХК хүлээн авч, шатахуун түгээх салбар нэгж байгуулахаар ажиллаж байна” гэж сумын Засаг дарга хэлж байна.
Тус суманд дизель түлш ашигладаг 130 гаруй тээврийн хэрэгсэл, 180 гаруй мотоцикль бий бөгөөд тээврийн хэрэгслийн тоо жил тутам өсч байгаа гэнэ. Иргэд хөрш зэргэлдээх Говь-Угтаал сум, Говьсүмбэр аймаг руу давхиж шатахуун авдаг. Эсвэл Улаанбаатар хот орох үедээ шатахуун ахиухан авах, гадагш явах нэгэндээ сав өгч  шатахуун захих зэргээр А80-аас бусад шатахууны хэрэгцээгээ хангадаг ажээ.
Илүү зардал, явдал чирэгдэл үүсгэдэг энэ байдал тус суманд удахгүй үгүй болж, иргэд орон нутгаасаа хэрэгцээт шатахуунаа авдаг болно.
 
T. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ