Харанхуйгаас гэрэл үзэх хүсэл

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-05-11 11:19:44

“Мөрөөдөгчийн өдөр”-ийн хамт олон энэ долоо хоногийн үзвэрээр Францын зохиолч Жан Телегийн бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн киног үзэгчиддээ хүргэлээ. “Амиа егүүтгэлийн дэлгүүр” нэртэй уг анимэйшн киног Патрис Леконт найруулсан байдаг. Нэрнээсээ эвгүйцэх мэдрэмж төрүүлэх хэдий ч хэтэрхий бараан болоод басхүү нэг шугамд туйлширсан гэрэл гэгээтэй зүйлсийн талаар ч өгүүлээгүй. Харин хар цагааны нийлмэл цогц гэж дүгнэхэд болох билээ.

Амиа хорлолтын олон төрлийг харуулах тус бүтээл дээр цус, нөж гарах нь тун ховор. Тийм дээ ч шүүмжлэгчдээс ном, кино хоёул өндөр үнэлгээ авсан байдаг. Киноны бараан дүр зурагтай хэсгүүдийн ихэнхийг хөгжөөнтэй байдлаар бүтээсэн нь олон үзэгчдийн сайшаал хүртсэн юм.

Хар хот

Хотын иргэд бүхэлдээ амьдрах хүсэлгүй, урам зориггүй болж амиа хорлолт газар авчээ. Үүнийг ашиглан нэгэн гэр бүл “Амиа егүүтгэлийн дэлгүүр” нээдэг. Тус дэлгүүрээс амиа хорлохыг хүссэн хүмүүс урт богино дүүжлүүр, төрөл бүрийн сэлэм, хурдан, удаан үхүүлдэг янз бүрийн хорнууд сонгон авах боломжтой.

Хүмүүс сонголтоо хийж хор аваад гарсны дараа тус дэлгүүрийг эзэмшигчийн хүү охин хоёр араас нь мөрдөж авсан зүйлээ хэрэглэж, хорвоогоос халин одов уу үгүй юу гэдгийг нь нууцаар хардаг бөгөөд энэ нь зарсан барааны найдвартай гэх баталгааны үндэс болж өгдөг. Тус киноны гол дүр болгон түүхэнд нэрээ үлдээсэн алдартай амиа хорлогсод байдаг. Үүнээс зохиолч Мишима Юкио, зураач Винсент Ван Гог, жүжигчин Мэрилэн Монро нарыг нэрлэж болох юм.

Цагаан хот

Үнэндээ кинон дээрх нөхцөл байдал тун хар бараан адал явдалтай эхлэх боловч тэр бүхнийг шог маягаар төлөөлүүлэн үзүүлснээрээ үзэгчдэд аятай сэтгэгдэл төрүүлнэ. Нэрнээс нь харахад томчуудад зориулсан кино мэт боловч үгүй юм аа. Уг анимэйшнийг 13-аас дээш насны бүх л хүмүүс үзэх боломжтой.

“Амиа егүүтгэлийн дэлгүүр”-ийн эзний авхай нярайлж хүү төрүүлдэг. Гэтэл хүү дөнгөж  хорвоод мэндэлснийхээ дараа аавыгаа хараад уйлах бус инээмсэглэдэг. Тус гэр бүлийнхэн үргэлж гутранги үзэлтэй, уруу царайлж, амиа хорлох тухай бодож явах хэрэгтэй. Тэгвэл бараа сайн гүйж, мөнгө олно.

Харин Ален хүү төрснөөр бүх зүйл орвонгоороо эргэдэг. Хотын бүх л иргэд амьдрал уйтгартай гэх буюу, цөхрөл, уй гашуудаа автсан байхад бараан саарал, хог новшоор дүүрсэн хотын гудамжуудаар Ален хүү “Амьдрал сайхан шүү” хэмээн чангаар хэлээд инээмсэглэн алхдаг. Тиймдээ ч амиа хорлож буй хүмүүсийг хараад уйтгарт автах ч үүнийг өөрчлөх бүрэн бололцоо бий гэдэгт итгэнэ. Тэр найзуудынхаа хамт хотыг гэрэл гэгээтэй болгож үхэл мөрөөдөж явсан эгч нь хайр сэтгэлтэй учирснаар гэр бүлийнхэн нь аз жаргал байдагт итгэх бөгөөд амьдралыг гэгээлгээр харна. Амиа егүүтгэлийн дэлгүүр эцэстээ аз жаргалын дэлгүүр болж хувирдаг билээ.

30-аад оны Франц дуу болох “Y’a d’la joie” киноны туршид эгшиглэдэг. Хэдий цөхрөл агуулсан ч хэлийг нь мэдэхгүй хүн уг дууг хөгжилтэй байдлаар дуулж болохоор санагдана. Тиймдээ ч киноны өнгө аяст тохирч байгаа юм. Эхлэх хэсгийн зураг авалт нь бараан комеди төрлийг хамгийн сайн гаргаж өгснөөрөө онцлогтой.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү шинэ болов, юутай сайхан” гэдэг өгүүллэг шиг хар хот цагаан болно. Юутай сайхан.
Б.Алтанхуяг
 
 
Холбоотой мэдээ