ЗАВХАН: Дорнын намуухан Отгонтэнгэрийг эгшиглүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ардын жүжигчин Санжаажавын Батсүх оролцож,
төрийн далбаа өргөлөө.
Мөн тэрбээр наадмын нээлтэд 30 гаруй жилийн өмнө зохиосон Ц.Бавуудоржийн шүлэг, өөрөө хөгжмийг нь зохиосон “Дорнын намуухан Отгонтэнгэр” дуугаа эгшиглүүллээ.
…Цэнхэр замбуулинд дахин мэндэлмээр
Цэцгийнх нь үнэрт нутгаа тэмцэнэ
Луун суудалтай суварга ууландаа
Лусын гөрөөс шиг цахилан очно оо би
Тэнгэр байтлаа тэргэл сар шиг
Тэрлэг дээлэнд минь багтаж түшдэг дээ
Хөх тэнгэр минь
Отгонтэнгэр минь
Сүлд уул аа… хэмээн эгшиглүүлэх Санжаажавын Батсүх нь 1957 онд Завхан аймгийн
Алдархаан суманд төрсөн.
Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин байхдаа
Монгол улсын гавьяат жүжигчин цолыг 1993 онд хүртсэн.
Орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга
угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн
Хөгжимт жүжгийн театрт жүжигчин, дуучнаар оржээ.
Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэтчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршсан байна.
Нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан түүний алдрыг төр үнэлж, 2021 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээсэн. Тэрбээр “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгээр шалгарч байв.
Мөн “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай
оролцсон байна.
Монгол улсын Ардын жүжигчин С.Батсүх, “Энэ жил төрөлх нутгийнхаа баяр наадмын нээлтэд төрийн далбаагаа өргөлөө. "Дорнын намуухан Отгонтэнгэр", "Завхан гол" дуугаараа наадамчин олныхоо сонорыг мялаалаа.
Нутгийн минь наадмын нээлт утга төгөлдөр, уран яруу болж байна. Нутгийн уран бүтээлчид маш сайхан зохион байгууллаа. Нутгийн минь иргэд нүдэндээ гуниггүй, баяр жаргалаар бялхаж буйг хараад сэтгэл их хөдөлж байна” гэв.
Монгол улсын Ардын жүжигчин Санжаажавын Батсүх төрийн далбааг өргөх ёслолд оролцов
Дорнын намуухан Отгонтэнгэр