СЭЛЭНГЭ: Бахархал түүхт Сэлэнгэ түмэн өргөн дэлгэр наадаж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны
2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 94 жил, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Монголын төрөөс 1932, 1976 онд хүртээсэн Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнасан гээд бахархал болсон түүх олон бий. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг билээ.
Сэлэнгийнхний хөдөлмөрөөр бий
болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, зөгийн бал нарийн
нарийвтар ноост Орхон, хангай, ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр,
Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг
гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал,
археологийн олдвор, Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн
хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар “Амар баясгалант” хийд, дэлхийд
ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га
нарсан ой, домогт “Тужийн нарс” гээд Сэлэнгэ нутгийн бахархал тасрахгүй ээ.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын
өмнөхөн Сэлэнгэ нутгаас олон гавьяат төрөн гарлаа.
Тодруулбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэл цолоор найруулагч Ё.Балдан, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор дуурийн дуучин Б.Баттөр, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор оюун ухааны их мастер А.Энхтуул, Монгол Улсын гавьяат багш цолоор ахмад багш Д.Хишигдорж, Гавьяат мал зүйч цолоор Б.Батхүү нар энгэрээ мялаалаа.