Курдуудын зэвсгийг хураах ажиллагаа эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАГДАД, 2025 оны долоодугаар
сарын 12 /BBC/. Туркийн засаглалын эсрэг 40 жилийн турш зэвсэгт тэмцэл хийсэн Курдын
Ажилчны намын /KAН/ зэвсгийг хураах
үйл ажиллагаа баасан гарагт боллоо. Энэ бол байлдааны ажиллагааг зогсоох эхний
алхам юм.
Иракийн Курдистанд болсон уг үйл ажиллагаа энэ
зуныг дуустал явагдана гэж ажиглагчид үзэж байна. Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган
энэхүү үйл явдлыг “цуст дөнгийг таслах алхам” гэж нэрлэжээ.
Туркийн арми ба Курдын Ажилчны намын хооронд зэвсэгт
мөргөлдөөн эхэлснээс хойш 40 мянга орчим хүн амиа алджээ. Турк, АНУ, Европын Холбоо, Их Британи улс тус
намыг террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан байна. Зэвсэг хураах үйл
явцын үр дүн нь Туркт төдийгүй Ирак, Сири, Иранд мэдрэгдэх юм.
Курдын Ажилчны намын цөөн тооны гишүүд Иракийн Курдистаны
Сулеймания хотод болсон зэвсэг хураах ажиллагаанд оролцож, бэлгэдлийн байдалтайгаар автомат буунуудаа
шатаасан бол уг үйл явцыг Курдыг дэмжигч Туркийн Ардчилсан намын гишүүд,
Туркийн хэвлэл мэдээллийнхэн ажиглажээ.
Турк, Ирак, Курдистаны орон нутгийн эрх баригчдын
оролцоотойгоор байгуулсан тусгай цэгүүдэд ойрын хэдэн сарын турш зэвсэг хураах
ажиллагаа явагдана.
Шоронд хоригдож буй КАН-ын дарга Абдулла Ожалан энэ долоо хоногт дүрс
бичлэгээр үг хэлэхдээ “зэвсэгт мөргөлдөөний үе шатнаас ардчиллын үе шатанд сайн
дураараа шилжин орж байна”гэжээ. Тэрбээр 1999 онд баривчлагдсанаасаа хойш Имрали арал дахь шоронгийн
ганцаарчлан хорих камерт хоригдож байгаа юм.
Марксист үзэл баримтлалтай КАН Туркийн хүн
амын 20 орчим хувийг
бүрдүүлдэг курдуудын хувьд өргөн хэмжээний өөртөө засах эрх бүхий бүс нутаг байгуулахын
төлөө тэмцэж байв.