Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-07-11 10:07:09

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталжээ.


“Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ онцолсон байна.


Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн аж. Тухайлбал,  Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс гээд цааш үргэлжилнэ.


Монгол Улсын хувьд жил бүрийн 7 дугаар сарын 11 нь Үндэсний их баяр наадам эхэлдэг, өлзийт сайн өдөр байдаг. Дэлхий нийтээрээ энэ өдөр адууны өдрийг анх удаа  тэмдэглэж байна.


Үндэсний баяр наадмаар зургаа насны хурдан морь уралдуулдаг нь монгол наадмын тулгын 3 чулууны нэг болдог онцлог юм.


Монгол морийг Гиннесийн номд бүртгүүлэхээр Хүй долоо худагт 2013 оны 8 дугаар сарын 9-нд болсон түмэн морьтны жагсаал зохион байгуулж байв.


Гиннесийн дэлхийн дээд амжилтыг бүртгэхэд оролцогчдын тоог нарийвчлан гаргах нь нэн тэргүүнд тавигдаж, олон зуун хянагч, зааварлагч, хараат бус 4 ажиглагч, мэргэжлийн аудитын фирм морьтны жагсаалд ажилласан байдаг.  


Монгол орны 21 аймгаас ирсэн иргэд морьтойгоо эгнэх нь морьтны соёлын гайхамшигтай өнгийг илтгэж байсан билээ. Тухайн үед гуравхан настай балчраас эхлээд 90 гарсан буурай хүртэл бүх насны эрэгтэй, эмэгтэй морь унаж иржээ. Морьтны жагсаалд оролцогчид бүгд цугласны дараа нарийн тоог гаргахад 11125 морьтон болж бичигджээ.


Монголчуудын зохион байгуулсан хамгийн том морьтны жагсаалд 11 мянга гаруй морьтон оролцсон нь 2006 онд Колумбид зохиогдсон 7895 морьтны жагсаалын амжилтыг эвдсэн юм. 


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.

Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм.


 

Холбоотой мэдээ