Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 701.8 сая ам.доллароор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-06-18 09:20:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улс оны эхний 5 сард 142 улстай худалдаа хийжээ.


Гадаад худалдааны бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ.


Харин импорт 144.9 сая ам.доллароор өсөж, экспорт 932 сая ам.доллароор буурсан аж.


Экспорт 2024 оны мөн үеийнхээс буурахад нүүрс 1.6 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 61.9 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31.1 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.2 сая ам.доллароор нөлөөлжээ.


Зэсийн хүдэр ба баяжмал 701.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 57.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 27.6 сая ам.доллароор нэмэгджээ.


Импорт 2024 оны мөн үеийнхээс өсөхөд суудлын автомашин 179. 5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.1 сая ам.доллар, гар утас 11.7 сая ам.доллар, согтууруулах ундаа 11.4 сая ам.доллар, шороо, чулуу ялгах, холих машин 10.9 сая ам.доллароор нөлөө үзүүлсэн.


Нийтийн тээврийн хэрэгсэл 41.1 сая ам.доллар, дизелийн түлш 32.0 сая ам.доллароор буурсан аж.


Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.5 хувийг эзэлжээ.


Импортын 72.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.


Алтны үнэ өмнөх оны мөн үеийнхээс унц тутамд 732.4 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 361.1 ам.доллароор нэмэгджээ. Төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 9 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.2 ам. доллароор буурсан байх юм. 


БНХАУ-д экспортолсон барааны 45.8 хувийг нүүрс, 37.2 хувийг зэсийн хүдэр,баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.  

 

Гашуун сухайт боомтоор 5 сарын байдлаар экспортолсон нүүрсний нийт нүүрсний экспортод эзлэх хувь 46.2 болж, өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар буурсан байна.


Энэ оны эхний 5 сарын байдлаар импортын дүнг авч үзвэл, БНХАУ 36.9 хувь, ОХУ 24.3 хувь, Япон 13.2 хувь, БНСУ 4.3 хувь, АНУ 4.2 хувь, ХБНГУ 2.7 хувийг эзэлж, нийт импортын 85.4 хувийг бүрдүүлжээ.


ОХУ-аас оны эхний 5 сарын байдлаар импортолсон барааны 72.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 80.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.5 хувийг ачааны автомашин эзэлжээ.  Суудлын авто машины импортын хилийн дундаж үнэ ширхэг тутам 10.1 мянган ам.доллар болж, 2024 оны мөн үеийнхээс ширхэг тутамд 2.4 мянган ам.доллароор нэмгдсэн. 


Эхний 5 сард экспортын 50.6 хувь Гашуунсухайт, 20.7 хувь Замын-Үүд, 10.6 хувь Шивээ хүрэн боомтоор нь нийт экспортын 81.9 хувь хийгдсэн байна. Импортын 52.3 хувийг Замын-Үүд, 21.3 хувийг Сүхбаатар боомтоор нийт импортын 73.6 хувийг хийсэн аж.

Холбоотой мэдээ