Баяр наадмын нээлтэд улс эх орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-11 10:54:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно.


Манай улсын шилдэг залуус эх орныхоо нэрийг 2025 онд олон улсын тавцанд спорт, соёл урлаг, шинжлэх ухааны олон салбарт бахархалтайгаар дуурсгаж өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Үүнд, The Mongolz цахим спортын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр, монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль, И.Цэлмүүн охин шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг эх орондоо авч ирсэн.


Мөн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд холимог төрөлд багаараа хүрэл медаль, Х.Тэргэл дартсын өсвөр үеийн “ADVANCED TOUR-2025” тэмцээнд тэргүүн байр, Г.Хүслэн дэлхийн математикийн тэмцээнд түрүүлж, ALPHA GAMING баг PUBG MOBILE-ийн Азийн аваргаа баталж, дахин аваргаар тодорсон.


Тэгвэл Т.Элбэгжаргал хүү 25 гаруй орны 500 хүүхдээс 1-р байр, Э.Аялгуу ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртэж, “Монте Карло-47” циркийн наадамд Монголын уран бүтээлчид онцгой амжилт үзүүлж, Ардын жүжигчин Э.Амартүвшин “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан. Залуу уран бүтээлч Magnet Brain “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртэж, Г.Гансүлд “Città di Barletta” хөгжмийн олон улсын уралдаанаас тэргүүн цом хүртсэн.


Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол тамирчид гурван алтан медаль,“Чимээгүй хотын жолооч” киноны гол дүр Осакан кино наадмаас “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртлээ.


Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид олон улсын тавцанд амжилттай тоглож байна. Эдгээр бахархалт амжилтууд нь монголчуудын ой тогтоолт, оюуны хурд, төвлөрөл, авхаалж самбаа, гоо зүй, тэсвэр тэвчээр, ур чадварыг дэлхийн түвшинд батлан харуулж байгаагийн илрэл юм. 










Холбоотой мэдээ