Анхны Hermès Birkin цүнх дуудлага худалдаагаар 10 сая доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-11 15:45:26

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 11 /Forbes/. Британи гаралтай Францын дуучин, жүжигчин Жэйн Биркинд зориулж урласан Hermès брэндийн анхны цүнх Sotheby’s ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагдсанаар дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх болжээ.


Өмнө нь 2021 онд алмаазан шигтгээтэй, матрын арьсан Hermès Kelly загварын цүнх 513 мянган ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байв. 


Hermès Birkin цүнхний анхны загвар болсон уг цүнхийг Японы нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч худалдан авсан байна. 


Энэхүү цүнхийг жүжигчин, дуучин бүсгүйд тусгайлан зориулж хийсэн байна. Биркин уг цүнхийг 1985-1994 оныг хүртэл бараг өдөр бүр хэрэглэж байжээ. Анхны Birkin цүнхийг 1994 онд Биркин өөрөө ДОХ-ын судалгаанд зориулсан хандивын дуудлага худалдаагаар худалдсанаас хойш эзэн нь хэд хэдэн удаа солигдсон байна. 


Hermès-ийн анхны Birkin цүнх нь хэмжээ, салгаж болдоггүй оосор, дахин давтагдаагүй өвөрмөц хийц хэлбэр зэргээрээ дараагийн загваруудаасаа ялгаатай ажээ.  

Холбоотой мэдээ