ХӨВСГӨЛ: Хөвсгөлийн аймгийн баяр наадмын нээлт гал бадраах ёслолоор эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын нээлт гал бадраах ёслолоор эхэллээ.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн арга хэмжээг “Хөгжин цэцэглэсэн Хөвсгөл” гэсэн нэрийн дор найруулсан байна.
Наадмын нээлтийн тайз зураач Б.Далай-Эрдэнийн зохиомжоор Буган сүлдний бэлгэдлийг шингээсэн, Их хаадын тамганы соёлыг харуулсан өвөрмөц онцлогтой тайз бүтээсэн байна.
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин, хөөмийч И.Анхбаяр нарын хамтын бүтээл Б. Цацралын найруулга бүхий "Чингүнжавын магтаал" нэртэй хөөмийн шинэ бүтээлийг наадмын нээлтэд үзэгч түмэндээ өргөн барилаа.
Хөвсгөл аймгийн баяр наадамд Төрийн цэргийн хүрээний байгууллагууд жагсаж хүндэтгэл үзүүллээ.
Энэ онд Монгол Улсын хэмжээнд Нисэх хүчин, Авто тээвэр, Хүүхдийн
байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан
3 байгууллагын мэндчилгээг багтаасан хөгжин цэцэглэж буй Хөвсгөлчүүдийн их
цэнгэл наадмын баярын нээлт өргөн дэлгэр боллоо.