ТӨВ: “Жамсрангийн Самбуугийн өв, сургамж” үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-10 21:40:22

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Монгол туургатан театрт дэлгэлээ.


“Жамсрангийн Самбуугийн өв, сургамж” нэртэй тусгай үзэсгэлэнг гурав хоног дэлгэнэ. “Ж.Самбуугийн амьдрал, ажил үйлс” сэдэвт 12 уран зураг, “Ж.Самбуугийн онч үгс” сэдэвт 18 монгол уран бичгийн каллиграф болон музейн сан хөмрөгт хадгалж үлдсэн баримт бичгүүдийг энд дэлгэсэн байна.


Мөн номын дээжис, дээл, морин хуур, шаазан таваг, Архивын ерөнхий газрын чухал архивын мэдээнүүд зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэсэн нь иргэдийн сонирхлыг татаж байв.


Товч намтраас дурдвал, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч Ж.Самбуу 1895 онд Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт ард Жамсрангийн гэр бүлд мэндэлжээ.


Тэрбээр 1915 оноос Хошуу тамгын газар бичээчийн алба хашиж байсан бөгөөд 1937 оноос ЗХУ-д суух Элчин сайд, 1946 оноос Гадаад яамны Алс дорнодын хэлтсийн дарга, 1950 онд БНАСАУ-д суух Бүрэн эрхт Элчин сайд, 1951-1954 онд Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг хашиж байв.

 

Холбоотой мэдээ