Энэтхэгийн онгоцны сүйрлийн талаарх урьдчилсан дүгнэлт гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн Air
India компанийн Boeing 787 Dreamliner нисэх онгоц сүйрсэн шалтгааны талаарх
урьдчилсан дүгнэлтийг тус улсын албаны
хүмүүс танилцуулжээ.
Тайланд дурдсанаар, хөдөлгүүрт
түлшийг дамжуулдаг хоолойн хаалтнууд нэгэн зэрэг ажиллаж эхэлсний дараа
хөдөлгүүр түлшгүй болж, нисэх
онгоц сүйрэхийн өмнөхөн нисгэгчдийн
кабинд үл ойлголцол, сандрал үүссэн байна. Онгоц тэр даруй өндрөө алдсан бөгөөд
тумблер хаагдсан талаар нисгэгчид ярьж байжээ.
Нисэх хүчинтэй холбоотой хэрэг
явдлуудыг мөрдөн шалгадаг Энэтхэгийн товчооноос бэлтгэсэн 15 хуудас илтгэлд дурдсанаар,
онгоц хөөрсний дараа түлш дамжуулах хоолойн хоёр хаалт хоёулаа «run» горимоос «cut-off»
/хаалттай/ горимд шилжсэн байжээ. Эдгээр хаалтыг онгоц газарт байгаа үед хөдөлгүүрийг
асаах ба унтраахын тулд ашигладаг байна.
Хяналтын камерын бичлэгийг үзвэл,
онгоц хөөрсөн даруйд эрчим хүчний нөөц эх үүсвэр буюу агаарын орох урсгалын турбин
ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлгүүрүүдийн хүч алдагдсан нь үүнийг гэрчилнэ.
Нислэгийн сүүлчийн мөчид нэг нисгэгч нь “cut-off товчлуур дээр яагаад дарсан юм бэ” гэж нөгөө нисгэгчээс асуухад “би дараагүй” хэмээн хариулж буй нь хар хайрцагт бичигдэн үлджээ. Энэ ярианы дараа хаалтыг нислэгийн үеийн зохих горимд тавьсан байна. Онгоц унах мөчид нэг хөдөлгүүр нь хэдийнэ түлхэлт авсан байсан бол нөгөө хөдөлгүүр нь ассан боловч түлхэлт аваагүй байжээ.
Америкийн нисэх хүчний
шинжээчдийн үзэж байгаагаар, түлш дамжуулах хоолойн хаалтыг нисгэгч санамсаргүй
байдлаар хаах боломжгүй ажээ. Cut-off горимд шилжсэн тохиолдолд хөдөлгүүр тэр
даруй унтардаг бөгөөд онгоцны буудалд байгаа үед хөдөлгүүрийг унтраах эсвэл
онцгой тохиолдлуудад, тухайлбал хөдөлгүүр шатах үед “сut-off”-т шилжүүлдэг байна.
Гэхдээ онгоцны сүйрлийн шалтгааны талаарх эцсийн
дүгнэлтийг гаргахад эрт байна гэдгийг дээрх илтгэлд дурджээ.
Одоогоос яг нэг сарын өмнө Энэтхэгийн
Ахмадабад хотоос Лондон хотын “Гатвик” нисэх онгоцны буудлыг чиглэн хөөрсөн AI171
нислэгийн дугаартай Air India компанийн нисэх онгоц хөөрснөөсөө хойш 40 секундийн
дараа сүйрсний улмаас 260 хүн амиа алдсан юм.