Туул голын орчмыг 200 орчим хүнтэй бүрэлдэхүүн цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-19 13:30:35

БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран “Байгаль хамгаалах намрын аян”-ы хүрээнд Туул голын эрэг дагуу цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Уг цэвэрлэгээнд салбарын яам, түүний харьяа газрууд, Байгаль орчин болон нийтлэг үйлчилгээний газар, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид, ЖАЙКА төгсөгчдийн холбооны гишүүд, ХААИС-ийн оюутнууд зэрэг 200 гаруй хүн оролцож, Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэв.

Тус үйл ажиллагааг нээж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлэхдээ, “Хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж жилд 3.2 сая тонн хог гардаг болсон. Өнгөрсөн оны Засгийн газрын тогтоолоор нийт аймаг сумын Засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хог хаягдлын менежментийн төлөвлөгөө, тодорхой хэмжээний санхүүжилт гарган ажилла гэсэн үүрэг өгсөн. Удахгүй хог хаягдлын тухай хууль гарч, хог хаягдал хэр их гаргаж байгаагаас шалтгаалан төлбөр хураамж авах үүрэг хариуцлагын тогтолцоотой болох юм” гэлээ. 

БОНХАЖЯ-наас 2015 онд хэрэгжүүлэх ТОР-10 ажлын нэг болох “Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Туул голын сав газрын захиргаа “Цэвэр орчин-Цэнгэг туул” аян өрнүүлсэн. Энэ хүрээнд томоохон цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан ба тус голын эрэг дагуу таван газар арван ширхэг хогийн сав, 15 газарт хоёр төрлийн санамж бүхий 15 самбар байршуулсан байна. Мөн цаашдаа хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрыг сонгон авч “Туул гол-Эко бүс” загвар төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ