Сургуулийн цагдаа шинэ журмаар ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуурлийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхийг оролцуулах зорилгоор "School police" буюу "сургуулийн цагдаа" төслийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн акт болгох зайлшгүй шаардлагатай болжээ.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагт болсон хуралдаанаар “Сургуулийн эргүүл"-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталлаа. Журамд Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл"-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцлийг бүрдүүлж ажиллах ба тухайн сургуулийн жижүүр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана. Мөн “Сургуулийн эргүүл" нь нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хоёр эргүүл нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэнэ гэсэн байна. Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эхэд мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана. Түүнчлэн сургуулийн орчинд "Сургуулийн эргүүлийн" үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно, “Сургуулийн эргүүл"-ийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш, эцэг эхийн эргүүлийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх "Сургуулийн цагдаа" төвийн санал, мэдээлэл, тайланг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс урамшуулах юм.
Ж.Батсайхан