Монгол, Тажикистаны ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 18:18:38

Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 12-нд Душанбе хотноо болов.

Гадаад хэргийн яамны ТНБД Д.Ганхуяг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджидин Асловт бараалхаж, Тажикистаны Гадаад хэргийн дэд сайд Зохиди Низомиддин Шамсиддинзодатай зөвлөлдөх уулзалтыг хийв.

Харилцан ойлголцсон байдалд болсон зөвлөлдөх уулзалтаар Монгол, Тажикистаны найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан бизнес форум, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар тохиролцов.

Яриа хэлэлцээний үеэр манай улсын гадаад бодлогын томоохон зорилтууд тухайлбал, Монгол Улс байнгын төвийг сахих орон болохоор шийдвэрлэсэн тухай мэдээлж, санаачилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Тажикистаны дэмжлэг авах, мөн Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн холбогдох хэлэлцээрт Тажикистан Улс нэгдэж орох асуудлыг хөндөж ярив.

Холбоотой мэдээ