Шинэ оныг өр, авлагагүй угтахаар ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-28 22:57:21

Баянхонгор аймаг 2014-2016 оны хооронд нийт 6.4 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийснээс өдгөө он дамжсан 1.4 тэрбум төгрөг өр болж үлдсэн байна.

Мөн онуудад аймгийн төвийн 10 км автозам, Төв цэцэрлэгт хүрээлэн, Баянхонгор суманд ойн зурвас байгуулах, Гандангийн гэгээнтний барилга, Хандивийн цэцэрлэг, 13 дугаар цэцэрлэгийн халаалтын зуух, Төв замын гэрлэн шон, Эрдэнэмандал хайрхны антенн, Түйн голын гүүрний гэрэл зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудын заримаас үлдсэн өр эдийн засгийн хүндрэлтэй үед аймаг, орон нутагт багагүй дарамт үүсгээд байгаа ч дээрх өрийн 140 орчим сая төгрөгийг төлж барагдуулаад байгаа аж. Мөн 2016 онд орон нутгийн төсөвт байгууллагын он дамжин ирсэн 360 гаруй сая төгрөгийн өрийг үндсэнд нь барагдуулжээ.

2017 онд Баянхонгор аймаг ямар нэгэн өр, авлагагүй шинэ оныг угтахаар ажиллаж байгаа юм байна.   

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ