Мөсөнд цөмөрсөн иргэдийг аварч, машиныг нь гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-16 12:29:12

Онцгой байдлын аврагчид ойрын өдрүүдэд шуурхай дуудлагаар олон хүний амь аварч, осолдсон машин цас,  мөснөөс гаргасаар байна. Өчигдөр л гэхэд хоёр газар мөсөнд цөмөрсөн машин гаргаж, иргэдийн амь аварчээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар өчигдөр /2016.11.15/ 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргалаа. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Монгол Чехийн алтны гарам” гэдэг газар 28-46 УБВ улсын дугаартай ”Тоёота Примо” загварын автомашин гарманд цөмөрч орсон тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 23:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн албан хаагчид ажилласан байна. Иргэн Н.Дамдин /38 настай эрэгтэй/, С.Чинзориг /28 настай, эрэгтэй/, Г.Баяраа /30 настай, эрэгтэй/, Н.Билгүүн /26 настай, эрэгтэй/, Ч.Навчаа /30 настай, эмэгтэй/, М.Сарангэрэл /31 настай, эмэгтэй/, Д.Ариунаа /28 настай, эмэгтэй/ нарын долоон иргэнийг аварч, автомашиныг мөснөөс татан гаргажээ. Цаг уурын байгууллагын мэдээгээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож, томоохон голуудад мөсний  зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Мөн гол мөрний мөсний зузаан бэхжээгүйгээс хүн, мал, автомашин зорчихдоо аюулгүй байдлаа анхаарч, сэрэмжтэй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ