Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар энэ сарын 30-наас наймдугаар сарын 1-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб, Парламентын дарга Иүси Хала-Ахо нарт бараалхан Эдийн засгийн сайд Сакари Пуистотой албан уулзалт хийх ажээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд 1963 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш манай талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.