Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд 180 орны төлөөлөгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-30 11:03:13

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн VI бага хурал өчигдөр эхэлсэн тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Энэ удаагийн хурал нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентууд болон парламентын гишүүдийг олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийн дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг үндэсний бодит байдал болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уриалах зорилготой юм.


Тус хуралд Олон Улсын Парламентын Холбооны гишүүн 180 орны парламентын 84 дарга, 18 дэд дарга оролцож байна.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулиа Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, НҮБ-ын Женев дэх төвийн захирал Татьяна Валовая, НҮБ-ын Ажлын албаны дарга Өөрл К.Рэттрэй нар угтан, мэндчиллээ.


Тус бага хуралд Монгол Улсаас Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Ганбаатар нар оролцож байна.


Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ. Тэрбээр бага хурлын ерөнхий хэлэлцүүлэг болох “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвээр илтгэл тавих юм. 






Холбоотой мэдээ