ШХАБ-ын Мэдээлэл ба судалгааны институцийн чуулганд 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-28 17:39:38

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ)  Мэдээлэл ба судалгааны институцийн чуулганыг БНХАУ-ын Жөнжоу хотод энэ сарын 23-27-нд зохион байгууллаа.


Энэхүү чуулганд оролцогчид “Шанхайн Амин Сүнсийг эрхэмлэн илүү үзэсгэлэнтэй гэр орон бүтээх нь” уриан дор итгэлцэл, харилцан ашигтай эрх тэгш байдал, зөвшилцөл, соёлыг хүндэтгэх, хамтын хөгжил зэрэг ШХАБ-ын үнэт зүйлсийг онцлов. Энэ үеэр хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын хамтын ажиллагаа нь ШХАБ-ын эв нэгдлийг бататгах чухал хүчин зүйл болохыг БНХАУ-ын Намын Төв Хорооны Сурталчилгааны хэлтсийн орлогч дарга, Төрийн Зөвлөлийн мэдээллийн газрын дарга Мо Гаои зэрэг илтгэгч дурдав.


Уг чуулган нь хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын сацуу Жөнжөүгийн Консенсус, олон улсын судалгааны тайлангууд болон Өрөмчийн форумын санаачилгууд нь энэ намар болох Тяньжин дэх ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал суурь болсон юм.


Түүнчлэн “Жөнжөүгийн Консенсус” хэмээх баримт бичиг баталж, ШХАБ-ын хамтын ажиллагааны ололт, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх гүүр, холбоос болох, улс орнуудын итгэлцэл, стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн иргэншлийн санаачилга зэрэг ШХАБ-ын гол зорилтыг энх тайван, эдийн засгийн уялдаа холбоо, соёлын олон талт байдлын хүрээнд дэмжих чиглэлийг тодорхойлсон байна.


Эдгээр баримт бичигт Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжиж, бүс нутгийн тэнцвэртэй аюулгүй байдлын тогтолцоо бий болгох, Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин эдийн засгийн хамтын хөгжил, шинэчлэлийг эрчимжүүлэх, Дэлхийн иргэншлийн санаачилгыг хүндэтгэж, соёлын харилцан ойлголцлыг дэмжих, жинхэнэ олон талт үзэл, хамтын зөвлөлдөх тогтолцоо болон харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх онцлох заалтыг тусгажээ.


Тус байгууллагын гишүүн орнууд, ажиглагч улс, түншүүд болон олон улсын байгууллагуудаас ирсэн 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судалгааны байгууллага, төрийн байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцов.


Холбоотой мэдээ