Тусгай замын автобуc төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тусгай замын автобуc төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.
Уг төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө-Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөж, автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлийг хийх юм. Үүнд, шугамын дагуу 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулж, зам дагуух 83000 ам дөрвөлжин метр талбайд ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийх аж.
Тус төсөл нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Мөн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь болон дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгаж ажиллаж байгаа юм.
Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гарч, хүн төвтэй шийдлийг тусгаснаараа онцлог юм. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэж, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд хийж, зорчигч сууж, буухад хүндрэл үүсгэхгүй байхаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж буй.