БАЯН-ӨЛГИЙ: Монгол бичгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэхэд олон нийтийн идэвхийг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-06 12:51:18

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын дагуу “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хонгийн ням гарагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр-2025”-ыг Засгийн газрын 2020 оны 96 тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, түүний харьяа байгууллагууд болох сумдын Соёлын төвөөс монгол бичиг сурч судлах, түгээн дэлгэрүүлэхэд олон нийтийн идэвхийг өрнүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байна.


Энэхүү үйл ажиллагааны талаар аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалагаас тодруулахад, “Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Тухайлбал, аймгийн ЗДТГ, Нийтийн номын сантай хамтран аймгийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд Үндэсний бичгийн хурдан уншигч шалгаруулах улсын уралдааны эхний шатны шалгаруулалтыг зохион байгууллаа.


Мөн Алтай сумын Соёлын төвөөс 5 дугаар сарын 2-ны өдөр “Үндэсний бичгийн сайхан бичигтэн сурагч”, “Үндэсний бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах тэмцээн, Улаанхус сумын Соёлын төвөөс 5 дугаар сарын 2-ны өдөр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Монгол  бичгээр  хичээнгүй сайхан бичье” уралдааныг зохион байгуулсан бол, 5 дугаар сарын 7-ны өдөр төрийн албан хаагчдад “Өв уламжлалаа танин мэдэх, монгол бичгийг хялбар аргаар сурах нь” лекц сургалтыг зохион явуулна.


Баярын үйл ажиллагааны хүрээнд Бугат сумын Соёлын төвөөс төрийн албан хаагчдын дунд “Монгол бичгийн уралдаан”, Толбо сумын Соёлын төвөөс сумын Ерөнхий боловсролын 8 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол бичгийн сайхан бичигтэн” шалгаруулах тэмцээн, 6-р ангийн сурагчдын дунд “Монгол бичгийн гарал үүсэл”-ийн тухай анхны мэдэгдэхүүн өгөх, бүлэг болж сорил ажил хийх уралдаан, Буянт сумын Соёлын төвөөс төрийн албан хаагчдын дунд “Монгол бичгийн уралдаан” зохион байгууллаа.


Энэ долоо хоногт Алтанцөгц сумын Соёлын төвөөс сурагчдын дунд “Монгол бичгийн сайхан бичигтэн” шалгаруулах тэмцээн, Баяннуур сумын Соёлын төвөөс Монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах тэмцээн, Баяннуур сумын төрийн албан хаагчдад монгол бичгийн сургалт, Цагааннуур тосгоны Соёлын төвөөс 8-9 дүгээр ангийн сурагчдын дунд Монгол бичгийн хурдан уншигч шалгаруулах уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээв.


Холбоотой мэдээ