Rosetta аппарат "түүхэн үүргээ" амжилттай биелүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 19:11:44

ПАРИС. /TASS/. Өчигдөр буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр Rosetta гэдэг сансрын аппарат Чурюмова-Герасименко хэмээх солиртой мөргөлдсөнөөр "судалгааны аялал" нь дууслаа гэж Европын сансрын агентлаг мэдээллээ.

Сансрын аппаратыг солиртой урьдчилан төлөвлөсний дагуу мөргөлдүүлснээр тус аппаратаас ирүүлж байсан радио дохио бүрэн зогссон байна. Rosetta, солир хоёрын ойртох явц 14 цаг гаруй үргэлжилжээ. Энэ хугацаанд тус аппарат зураг авалтаа үргэлжлүүлж, солирын хийн урсгалыг судалсан хэвээр байсан бөгөөд түүнээс илгээсэн дохио  нислэгийг удирдах төвд 40 минутын дараа ирж байв. Rosetta станц нь явган хүний хурдаар буюу 3 км/цагийн хурдтайгаар Чурюмова-Герасименко солиртой мөргөлджээ. Мөргөлдөх үед тус станц дэлхийгээс 720 сая км-ийн хол зайд байлаа. Одоо солир Нарнаас холдон явж байна.

Rosetta-г “худгуудын район” гэдэг дугуй хэлбэртэй газарт буулгажээ. Доошлох үедээ тус аппарат “худагнууд”-ын хананы бүтцийн талаар үнэтэй мэдээлэл дамжуулснаар солир бий болох үйл явц болон нарны аймгийн хөгжлийн үе шатуудын талаар илүү нарийвчлан судлах боломжтой боллоо.   

2004 онд хөөргөсөн тус станцыг зохион бүтээж, ажиллуулахад Европын сансрын агентлаг 1,4 тэрбум евро зарцуулсан байна. Rosetta гэдэг нь 19 зууны үед эрдэмтэд Эртний Египетийн дүрс үсгийг тайлан уншихад гол үүрэг гүйцэтгэсэн олдвор болох Розеттийн чулуутай холбоотой нэр юм.

“Rosetta бидэнд асар үнэтэй судалгааны материалуудыг илгээсэн. Тэдгээрийг судлахад даруй 20 жилийн хугацаа хэрэгтэй. Одоогийн байдлаар, хоёр жилийн хугацаанд дөнгөж 5 хувийг нь судлаад байна. Rosetta-гаас хагацах нь бидэнд үнэхээрийн харамсалтай байна” гэж Францын одон орны физикч, төслийн удирдагч Франсис Рокар хэллээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ