15 жилийн хугацаанд 500 гаруй иргэнийг орон гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-26 14:21:28

ДЗМОУБ-ын Хэнтий Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр /ОНХХ/-өөс 15 жилийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө өндөрлүүлж байгаатай холбогдуулан  баярын хурлаа хийлээ.

Хуралд Дэлхийн зөн байгууллагатай ажил амьдралаа холбосон, энэ байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамрагдаж үр шимийг нь хүртсэн олон байгууллага иргэд оролцлоо.

Тус байгууллага нь 2002 оны 3 сард Хэнтий аймагт албан ёсоор 6 ажилтан албан хаагчтай байгуулагдсан бөгөөд ашгийн бус аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус нийгэмд үйлчилдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Энэхүү 15 жилийн хугацаанд нийт 170 гаруй хүн ажиллаж 700 гаруй сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 500 гаруй иргэнийг өөрийн гэсэн орон байртай болгожээ. Тухайлбал, Хэнтий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 2003, 2009, 2012 оны суурь судалгааны дүнг 2016 оны Хөтөлбөрийн 15 жилийн Хэрэгжилтийн үнэлгээтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 3.3 хувиар, хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, өсөлтийн хоцрогдол 3 хувиар буурчээ. Мөн ундны усны чанар, хүртээмж 52.5, эцэг эхчүүд, хүүхдүүдийн “Хүүхэд хамгаалал”-ын талаарх мэдлэг, ойлголт 3.5, хүүхдийн бичиг үсэг тайлагдалт 5.9 хувиар өссөн байна. Өрхийн орлого 12.3, өрхийн эдийн засгийн даван туулах чадвар 14.7 хувиар өссөн зэрэг үзүүлэлтүүд гарсан нь Хөтөлбөр амжилттай, үр дүнтэй хэрэгжсэнийг харуулж байгаа аж.

Энэхүү баярын хурал дээр Хан Хэнтий нутгийнхаа зон олны төлөө хөдөлмөрлөж ирсэн ДЗМОУБ-ын ХОНХХ-ын хамт олныг  шагнаж урамшууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ