ХЭНТИЙ: Өвөлжилт хүндэрсэн сумдад хивэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-21 22:58:23
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос Дархан суманд олгосон 257 шуудай буюу 6,4 тн хивгийг сумын фондод нь хүлээлгэн өглөө.

Тус сумын Засаг даргын орлогч С.Пүрэвдагва, хоёрдугаар багийн Засаг дарга О.Баттогтох нар Зил-131 маркийн хоёр автомашинтайгаар 1, 2-р багт зам гаргахаар ажиллаж байна. Эдгээр автомашинууд нь айл өрхийн хооронд зам гаргахаас гадна малын бэлчээр гаргах ажлыг хийж гүйцэтгэх боломжтой аж. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай зөвшилцөж таван ковш машинаар 200 орчим км зам талбайг гаргах ажлыг хийж байна.



Өнгөрсөн хугацаанд Дархан суманд аймгийн Онцгой комиссоос 56 шуудай ногоон тэжээл, 2000 боодол өвс, улсын нөөцөөс долоон тн хивгийг хөнгөлөлттэй үнээр олгосон бол сум орон нутгаас 200 өрхөд 200 боодол өвс, 240 өрхөд 480 шуудай хивэг хөнгөлөлттэй үнээр олгожээ. Харин одоо “Дэлхийн зөн” ОУБ-аас 25 өрхөд 200 ширхэг шуудай хивгийн тусламж олгохоор судалгаа гаргаж байна.

Мөн улсын Онцгой комиссоос Галшар сумын 220 өрхөд 22,1 тн хивэг олгож байгаа бөгөөд сумын Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна. Тус суманд удахгүй 150 тн тэжээлийн будааг олгохоор болсон, тээврийн зардлыг аймгийн Онцгой комисс бүрэн хариуцах юм.



Тус суманд аймгийн Онцгой комиссоос 56 шуудай ногоон тэжээл, 3000 боодол өвс, улсын нөөцөөс 11 тн хивэг хямдралтай үнээр олгож байсан бол сум орон нутгаас 610 өрхөд 15 тн хивэг, өвсийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулжээ. Түүнчлэн Улаан загалмайн нийгэмлэгээс 50 өрхөд 33 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.

Ташрамд дуулгахад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх суманд нийт 750 тн тэжээлийн будаа олгохоор болжээ.
Тэжээлийн будааг тээвэрлэх зардал болох 140,0 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэж байна.
Холбоотой мэдээ