ХЭНТИЙ: Төрийн байгууллагын үйлчилгээний стандартад хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-15 10:45:54
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ирэх гуравдугаар сараас эхлэн төрийн байгууллагын үйлчилгээний стандартад хяналт тавихаар боллоо.  

Энэ хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, "Хэнтийн манлайлагч залуус" ТББ-тай гэрээ байгуулж хамтран ажиллахаар болов. Тодруулбал, аймгийн Засаг даргын 2021 оны “Байгууллагын үйлчилгээний стандартын загвар батлах тухай” А/11 дүгээр захирамжийн дагуу Төрийн байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хяналт, үнэлгээний зорилго оршиж байгаа юм.

Хяналт, үнэлгээг “Төрийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг баталсан аль ч байгууллагад урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран үйлчилгээ авах явц, ерөнхий нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа үйл явцыг ажиглах, баримтжуулах, иргэдээс санал асуулга авах, холбогдох баримт бичигтэй танилцаж, баримтыг гаргуулан авах, дүрс бичлэг хийх зэрэг аргачлалаар явуулах аж.

Тус ТББ-аас байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг үнэлсэн тухай мэдээллийг байгууллагын дарга нарын шуурхай хуралдаанд тогтмол танилцуулах юм. Ингэснээр байгууллагууд үйлчилгээнийхээ стандартыг тогтмол мөрдөж хэвших бөгөөд үүний үр дүнд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байна. Хяналт шалгалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг нэр бүхий 20 байгууллагад явуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ