БУЛГАН: Энэ оныг “Үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байрыг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-28 09:00:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2023 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байрыг дэмжих жил” болгож, аймгийн Засаг дарга шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандарт хангалтыг дээшлүүлэхэд энэ жилийн ажил чиглэх юм.

Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг бууруулах, судалгаанд суурилсан аймгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор МҮХАҮТ, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Булган аймгийн нийгэм эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загвар”-ыг боловсруулаад байна. Энэ судалгаагаар цар тахлын нөлөө буурсан ч нийт ажил эрхлэлт ковидын өмнөх түвшинд 6-7 жилийн дараа буюу 2028 онд хүрэхээр байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримтлахгүй бол цар тахлын нөлөөлөл урт хугацаанд үргэлжилж, үйлчилгээний салбарын хөдөлмөр эрхлэлт 5,0 хувиар буурах төлөв гарсан байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны гүйцэтгэлээр 485.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 21.6, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8 сая төгрөг болж, 21.0 хувиар тус тус өссөн байна. Нийт бүтээгдэхүүний 62,8 хувийг хөдөө аж ахуй, 14,6 хувийг үйлдвэрлэл, 22,4 хувийг үйлчилгээний салбар эзэлж байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлээс шууд хамаарч байна. Нийт үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа ч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн төдийлөн нэмэгдэхгүй байгаа учир үйлдвэрлэлийн гарцыг нэмэх шаардлагатай байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ