ЗАВХАН: Улиастай сумын уурын зуухнууд 2300 орчим тонн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-13 15:02:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна.

Аймгийн 24 сум болон Улиастай суманд төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 44 уурын зууханд 21-60 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа 20 халаалтын зуухнууд жилд дунджаар 16000 тонн нүүрс татан авалт хийдгээс одоогоор 2300 орчим тонн нүүрсний нөөцтэй байна. Сар бүрийн борлуулалтын орлогоос тухайн сарын нүүрс татан авалтаа хийхээр төлөвлөсөн.

"Амь-Ус" трейд ХХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өөрийн 305,8 сая төгрөг, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн санхүүжилтээр 26 ажил, арга хэмжээ төлөвлөж 85 хувийн биелэлтэй байна. Тус компани цэвэр, бохир усны үйлчилгээг 212 байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлдэг. Мөн Улиастай сумын 36 орон сууцны 1371 айл өрх, гэр хорооллын 5612 айл өрхөд цэвэр усны үйлчилгээг үзүүлдэг. Нийт 7,3 км цэвэр усны, 16,9 км ариутгах татуургын шугам сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.


Харин 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 29 сургууль, 38 цэцэрлэг ажиллаж боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл 95.6 хувьтай байна. Аймгийн хэмжээнд төвлөрсөн халаалтад холбогдоогүй нэг ерөнхий боловсролын сургууль байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 7 нь төвлөрсөн халаалтад холбогдоогүй байна. Энэ онд Их-Уул сумын нэг, хоёр, Тосонцэнгэл сумын гурав, дөрөв, тавдугаар цэцэрлэгүүд, Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумын сургууль төвлөрсөн халаалтад холбогдсон. Харин нам даралтын уурын зуухтай Улиастай сумын дөрвөн цэцэрлэг, Тосонцэнгэл сумын дөрвөн цэцэрлэг, Яруу, Отгон сумын цэцэрлэгүүд түлээ нүүрсээ татаж, урсгал засвар хийн өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангаад байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Холбоотой мэдээ