"Ногоон Дархан-2032” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-29 20:24:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Дархан-2032” зөвлөгөөнийг өнөөдөр амжилттай зохион байгуулав. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганд тавигдсан илтгэл болон оролцогчдын саналд үндэслэж гаргасан зөвлөмжийг аймгийн БОАЖГ-ын дарга Г.Батбаяр танилцуулсан юм.

Орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэчлэн батлагдсан “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу боловсруулж буй “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах ба “Ногоон Дархан 2032” чуулганы зөвлөмжийг дараах үндсэн таван чиглэлээр нэгтгэн гаргалаа. Үүнд:

Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар

1. Орон нутгийн ойн генетик нөөцийн хадгалалт хамгааллын судалгаа явуулах үр, тарьц, суулгацын нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх;

2. Ойн үрийн плантац, үр түүх байнгын болон түр талбайг байгуулах;

3. Ойжуулалт, нөхөн сэргээлт, хотын ногоон байгууламжийн ажилд улирлын хамаарлыг бууруулахад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, далд үндэсний системтэй тарьц суулгацын хэмжээг нэмэгдүүлэх;

4. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа талбайг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;

5. Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх;

6. Шилмүүст модны тарьц 1 сая ба түүнээс дээш, жимсний модны суулгац 300 мянга ба түүнээс дээш, навчит модны суулгац 700 мянгыг тус тус үйлдвэрлэх замаар жилд нийлүүлэх тарьц, суулгацын хүчин чадлыг 2 саяд хүргэх;

Технологи, инновацын талаар

1. Ой, тал хээр, голын эрэг орчмын экологи, экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй технологид суурилсан инновац нутагшуулах;

2. Гадаад, дотоодын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

3. “Европын Холбооны Ойн стратеги 2030”, “Биологийн олон янз байдлын стратеги 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ технологи, тэргүүн туршлагаас нэвтрүүлэх;

4. Ойн зурвас тал хээрийн ойжуулалт, мод үржүүлэх үйл ажиллагаанд хөв цөөрөм байгуулах замаар гадаргын ус ашиглах, усалгааны дэвшилтэт технологи нутагшуулах;

5. Ойн зурвас байгуулах замаар ХАА-н эдэлбэр газрын элэгдэл, эвдрэлийг багасгах;

Хүний нөөцийн талаар

1. Ойн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2. “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд сум бүрд 3-аас доошгүй сургагч багш бэлтгэх;

3. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнийг Европын Холбооны улсуудад туршлага судлуулах;

4. Ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах;

Сургалт, сурталчилгааны талаар

1. Бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах сэтгэлгээ, ухамсар суулгах сургалтын системтэй хөтөлбөр нэвтрүүлэх;

2. Нийгмийн сүлжээ, цахим технологи ашиглан, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тэнцвэртэй, зөв зохион байгуулах, нөлөөллийн ажлын үр дүнг нэмэгдүүлэх;

3. Богино хугацааны чадамжид суурилсан сургалтыг ХААИС-ийг түшиглэн явуулах;

4. Олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, сүм хийдийн үйл ажиллагааг хамарсан албан бус сургалтын тогтолцоог бий болгож, байгаль дэлхийгээ хамгаалах зан үйлийг идэвхжүүлэх;

Санхүүжилт, эдийн засгийн бодлогын талаар

1. Ойн сан болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх судалгааг хийж, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, санхүүжилтийг цаг тухайд нь гаргах;

2. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн 1-ээс ихгүй хувийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд зарцуулах;

3. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санал, санаачилгыг дэмжин урамшуулах эдийн засгийн механизм бүрдүүлэх;

4. Ойн салбарыг дэмжих гадаад, дотоодын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар санхүүжилт татах;

5. Ойн сангийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах;

6. Ойн аж ахуйн дэд бүтцийг хөгжүүлэх

7. Үр үйлдвэрлэл, тарьц, суулгац үржүүлэх иргэн, ААНБ-д татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх ажлыг бодлогоор дэмжих;

8. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөх

9. Эдийн засгийн үр ашигтай мод, жимс, жимсгэнийн бут сөөг үржүүлэх замаар иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн таван үндсэн чиглэлтэй зөвлөмжийг гаргажээ.

Холбоотой мэдээ