Завхан аймаг энэ онд мал аж ахуйн салбарт онцгойлон анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-02 15:06:34

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сум, албан байгууллагуудын 80 гаруй удирдах албан тушаалтан оролцсон нэгдсэн сургалт болж байна.

Сургалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад сум орон нутаг, албан байгууллагын удирдлагууд идэвх санаачилгатай ажилласанд талархал илэрхийлье” гэв.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч "Шар" түвшинд шилжсэн ч цаашид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах тал дээр анхаарч ажиллах ёстой. Мөн олон жил яригдсан Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж 1.6 жилийн дараа ашиглалтад орно. Түүнчлэн Польш улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр аймгийн цэвэрлэх байгууламжийг барихаар шийдвэрлэсэн зэрэг энэ онд бүтээн байгуулалт өрнөсөн жил болно гэдгийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал онцоллоо.

Нэгдсэн сургалтаас оролцогчид Завхан аймгийн эдийн засгийн үндэс болсон мал сүргээ бүрэн эрүүлжүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зэрэг мал аж ахуйн салбарт энэ жил онцгойлон анхаарч ажиллахаар боллоо.

Сургалтын төгсгөлд аймгийн 24 сумын Засаг дарга, хэлтэс агентлагийн удирдлагууд аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ