Нийт 122 га газраас мод бэлтгэлийн ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-19 16:40:55

Завхан\МОНЦАМЭ\. Идэр сум нь нийт 122 га талбайд ойн арчилгаа цэвэрлэгээний ажлыг хийж, 11688м3 модыг бэлтгээд байна гэж сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгаас мэдээлэв.

2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, сумын ИТХ-аас батлаж өгсөн хязгаарт батгааж бэлтгэдэг. Иргэдийн хэрэгцээ болон сумд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл бүхий зургаан аж ахуйн нэгжид хуваарилсан хуваарийн дагуу Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангиар мод бэлтгэх талбай тусгаарлуулан мод бэлтгэлийн ажлын зохион байгуулсан. Орон нутгийн ойд 97га Улсын тусгай хамгаалалттай газрын тендер шалгаруулалтаар 25 га газраас мод бэлтгэлийн ажлыг хийсэн. Түүнчлэн өнгөрсөн онд Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангиас мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ 132 шрхэг, мод бэлтгэх эрхийн бичиг 1600 ширхэгийг гаргаж албан хэрэгцээнд зарцуулсан байна. Идэр сумын тухайд нийт нутгийн 14,5 хувийг нь буюу 532 км2 газрыг сибирийн шинж голлосон шинэсэн (larix sibirica) ой эзэлдэг гэв.

Зэрлэг амьтдыг хамгаалах сурталчилгааны ажлыг байнга хийдэг

Идэр сум жил бүр зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр био техникийн арга хэмжээг явуулдаг.

Өнгөрсөн жил зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр Мануустай, Загастай, Дархан-Уул багийн нутагуудад хоёр удаа, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран нэг удаа нэг тонн өвс хужир тавьж өгчээ. Түүнчлэн хавар, намрын улиралд зэрлэг ан амьтдад ус, мөс тавьж өгөх ажлыг хийгээд байна. Идэр сум нь 370805 га нутагтай дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш дунджаар 2000-3500 метр өндөр өргөгдсөн өндөр уулын болон ойт хээрийн бүсэд багтдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өндөр өлзийт уул 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868 метр.

Мөн нийт нутгийн 164,5 мянган га газар Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар, Байгалийн цогцолбор газарт багтдаг.  Тиймээс улсын тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт газруудад буй зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сургалтыг байнга хийдэг. Өнгөрсөн жил гэхэд давхардсан тоогоор 3200 гаруй иргэнд сургалт сурталчилгааг хийгээд байна. Сүүлийн хоёр жилд тусгай зөвшөөрөл бүхий зэрлэг амьтдыг агнах зөвшөөрөл ирээгүй байгаа гэв. 

Холбоотой мэдээ