Эрүүл мэндийн салбарт 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-13 20:58:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хангалт энэ онд 87.6 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.6 хувиар нэмэгдлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Энэ онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттайгаар хийж, ялангуяа цар тахлын үед орчин үеийн оношилгоо эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг нутагшуулан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген, PCR шинжилгээ хийх молекул биологийн аппаратаар хангасан нь ихээхэн үр дүнд хүрсэн ажил байлаа гэж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ дүгнэлээ.

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний технологийг сайжруулах зорилгоор нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.1 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 240.7, хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 115.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг иж бүрэн тоноглож, Хүүхдийн сангаас багийн эмч нарыг 8,6 сая төгрөгийн эх барихын болон анхан шатны тусламжийн багцаар хангажээ. Мөн “Булган хангайн хөгжлийн сан” ТББ-ын дэмжлэгтэйгээр Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийг тусламжийн автомашин, сумдын эмнэлгийг зөөврийн компьютертэй болгосон байна.

Улсын төсвийн 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайхан, Гурванбулаг, Рашаант, Хишиг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн барилгад их засвар хийж, улсын болон орон нутгийн төсвөөр хөрөнгөөр 16 сумын эмнэлэгт 32 нэр төрлийн 202.5 сая төгрөгийн нэн шаардлагатай автомашин, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр хангаснаар эрүүл мэндийн салбарын нөөц 84.6 хувьд хүрчээ. 

Холбоотой мэдээ