Улсын төсөв, хүүхдийн мөнгө ба Ирээдүйн өв сан

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-11-15 11:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ чуулганы нэгдсэн хуралдаан (2021-11-13)-аар Улсын ирэх оны төсвийг баталжээ. Улсын 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,086,996.3 сая төгрөг байх юм байна. Тус хууль нь 4 бүлэг 21 зүйлтэй аж.


Төсвийн тухай хуулийн 4 удаагийн хэлэлцүүлгийн явцад  хамгийн их сөхөгдсөн сэдэв нь  Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгийг олгох талаар байсан гэж хэлж болох болов уу. Гишүүдийн асуулт ч түүн дээр төвлөрч байсан билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Б. Доржханд Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө олгох болжээ. Энэ санд ойролцоогоор 2 их наяд байгаа гэж сонслоо. Яг одоо энэ санд хэдэн төгрөг байна вэ? гэсэн асуулт тавьсан юм. Түүний эл асуултад Сангийн сайд Б. Жавхлан, энэ сангийн мөнгө төрийн санд байгаа. Төрийн дансанд 5 их наяд гаруй төгрөг байна. Түүний 1,3 их наяд нь Ирээдүйн өв сангийн мөнгө байгаа юм. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв гэж Засгийн газар үзсэн гэсэн хариулт өгсөн юм. Сангийн сайдын хариултын дараа гишүүн Б. Доржханд: -2030 он хүртэл зарцуулж болохгүй мөнгө өө. Санд 2 их наяд төгрөг байгаа гэсэн шүү дээ гэж дахин тодруулсан юм. Түүний асуултад Б. Жавхлан сайд хэрхэн яаж зарцуулахыг нь одоо шийдэх гээд сууж байна гэсэн товчхон хариулт өгч байсан юм. Гэтэл УИХ-ын дарга “хасах 1,2 их наяд төгрөгтэй санг хүлээн авсан. Сангийн өрийг төлсөөр байгаад ийм хэмжээний хуримтлалтай болгосон” гэдэг тодруулга хийсэн байх юм.


Засгийн газар Ирээдүйн өв санг улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож хүүхэд бүрийн нэр дээр хадгаламжийн данс нээж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзжээ. Энэ асуудлыг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс шууд эхлүүлэхгүй. Харин бэлтгэл хангаж 7 дугаар сарын 1-нээс  эхлүүлнэ. Гэхдээ 5-18 насны хүүхдийн нэр  дээр системийн нөлөө бүхий арилжааны банканд  хадгаламжийн данс нээж сар бүр олгох 100 мянган төгрөгийн 50 хувь буюу 50000 төгрөгийг хадгаламжид нь хийх юм билээ.


Арилжааны банкны иргэний (хүүхдийн мөнгө) хадгаламж нь  “хадгаламжийн даатгал”-ын корпорацид давхар даатгагдсан байдаг. Энд арилжааны банк нь хүүхдийн мөнгийг хүүгээр өсгөнө. Тэр хуримтлал төрийн байгууллага (“хадгаламжийн даатгал”-ын корпораци)-ын хамгаалалтад байх юм. Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл шууд арилжааны банктай хамт эрсдэлд орчих үзэгдлээс ангид байх боломжтой. Ийм учраас үр хүүхдийнхээ ирээдүйг харсан шийдвэр гэж төсөл санаачлагчид  үзжээ.  Төсвийн хэлэлцүүлгийн шат бүрд олон өнцгөөс сөхөгдөж байсан хүүхдийн мөнгөний олголт дараах байдлаар шийдвэрлэгдлээ. Тав хүртэл насны хүүхдийн мөнгийг бэлнээр олгоно. Харин 5-18 насны хүүхдүүдийн мөнгөний 50 хувийг хуримтлал болгох шийдвэр хүн бүрд таалагдахгүй байж болох юм. Гэхдээ олонход нь хүлээн зөвшөөрөгдөх болов уу


Энэ талаар “Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад уг хөтөлбөрийг эхлүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой” гэж УИХ-ын дарга Г. Занданшатар онцолжээ.


Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд тус санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгажээ. 


Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулах ажээ. 


Төсвийн жилд орон нутгийн төсөвт нийт 236,728.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513,998.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардал нийт 253,401.4 сая төгрөг байна.                     


Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2,840,418.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 98,100.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, нийт 2,750,964.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан аж. 


Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,450,723.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,481,369.2 сая төгрөг зарцуулахаар болжээ. 

 

Холбоотой мэдээ