"Өсвөрийн парламент"-ийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд ойлголт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-13 17:26:32

Дорнод /МОНЦАМЭ/. "Өсвөрийн парламент" хөтөлбөрт Дорнод аймгаас хамрагдаж буй сурагчид олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг ойлголт өгөхөөр нөлөөллийн ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "Өсвөрийн парламент" хөтөлбөрийг зарлаж, 1000 орчим хүүхэд саналаа ирүүлснээс 90 хүүхдийг шалгаруулсны дунд Дорнод аймгийн 8-р сургуулийн 11-р ангийн сурагч Будцэцэг, Саруулцэцэг нар багтжээ. 

Тэд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нөлөөллийн ажлын сэдвээ сонгохоосоо өмнө уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн нөгөө талд болж буй үзэгдэл мэтээр хүлээж авдаг байснаа ярьж байлаа. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж уур амьсгал, байгаль дэлхий өөрчлөгдөж байгаа учир хүүхэд залуучууд, ард иргэд бид юу хийснээр байгаль дэлхийгээ хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход хувь нэмрээ оруулж чадах вэ гэдэгт илүүтэй чиглэж ажиллахаар төлөвлөж байгаа аж. Тэд айл өрхүүдэд жимс, ногооны хальсаа байгальд шууд хаях нь хор хөнөөлтэй учир дахин боловсруулж болох талаар ойлголт өгнө гэв. Мөн "Станцын нэг өдөр" видео контент хийж, тог цахилгаанаа хэрхэн хэмнэж болохыг үеийнхэндээ уриалахаас гадна ЕБС-иудын 20 хүүхдийг цуглуулж, клуб байгуулан ажиллахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ