Молекул биологийн лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-07 20:15:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Молекул биологийн нэг лаборатори үйл ажиллагаа явуулдаг байсан бол "Ковид-19" цар тахал гарснаар PCR шинжилгээгээр оношлох лабораториудыг аймгуудад байгуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Баянхонгор аймагт Молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулан,  эхний 148 PCR шинжилгээг орон нутагтаа хийж сөрөг хариутайгаар вируслогийн лабораторийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.    

Өмнө нь Баянхонгор аймаг Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг руу олон тоогоор авсан PCR шинжилгээний сорьцоо явуулан хариуг 24-72 цагийн хугацаанд хүлээж авдаг байсан бол PCR шинжилгээний аппарат, дагалдах тоног төхөөрөмжтэй болсноор өнөөдрөөс ийнхүү орон нутагтаа зургаан цагийн дотор шинжилгээнийхээ хариуг гаргадаг болж байгаа юм.  

Молекул биологийн лабораторид нэг дор 96 хүртэлх шинжилгээний сорьцыг унших хүчин чадалтай PCR шинжилгээний хагас автомат аппарат, шинжилгээний сорьцыг удаан хугацаанд хадгалах хөлдөөгч, богино хугацаанд хадгалах хөргүүр, биологийн аюулгүй кабинет -2 зэрэг нийт 86 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ.  

Лабораторийн үйл ажиллагаатай Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр танилцаж, зарим  шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов.

Тус лабораторид Улаанбаатар хотод хариу арга хэмжээний шугамаар туршлага судлан ажиллаад ирсэн Лабораторийн их эмч А.Сайнбилэг, лаборант Х.Цэндсүрэн  нар ажиллаж байна.

Тус төхөөрөмжүүдээр коронавирусний халдвараас гадна  нян, вирус, бактери илрүүлэх, тоолох боломжтой аж.

Холбоотой мэдээ