Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 15:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс тодруулжээ.


-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагын ажилтан, албан хаагчдыг тээвэрлэх тусгай үйлчилгээ эхэлсэн. Нийт 58 чиглэлд 315 тээврийн хэрэгсэл явж байсныг 641 болгож нэмлээ. Нийслэлд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем хэрэгжсэнээс хойш үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсон. Жишээ нь, Ч:56 дугаар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл хаана явж байгаа нь хяналтын самбарт мөн гар утасны аппликэйшнд харагддаг. Зорчигч хамгийн ойр нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж байгаа болон хэдэн минутын дараа автобус зогсоолд ирэхийг харах боломжтой.


-Иргэд ямар аппликэйшнээс энэ мэдээллийг авах боломжтой вэ?

-“UB smart bus” аппликэйшн бий. Эндээс өөрийн зогсож байгаа зогсоол дээр ямар чиглэлийн автобус ирэхээс эхлээд бүх мэдээллийг харна.


-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш ачаалал хэр байгаа вэ?

-Амралтын өдрүүдэд ачаалал бага байсан. Харин ажлын өдөр ачаалал нэмэгдсэн тул нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан.


-Нийтийн тээвэр хоорондын зай хэдэн минут байдаг вэ?

-Чиглэл бүр харилцан адилгүй. Дунджаар 5-10 минутаар төлөвлөсөн байгаа.


-Ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байгаа вэ?

-Тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарах, орой буухад нь ариутгадаг. Хөл хориотой холбоотой нийтийн тээвэр өглөө, өдөр, орой гэсэн гурван хуваарийн дагуу үйлчилж байна. Цагийн хуваарийн дагуу шулуун замд мөн тухайн чиглэлийн эцсийн зогсоолд ариутгаж байгаа. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, төрийн албан хаагч, шалгагч нар иргэд хооронд зай бариулах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж байна. Иргэдэд шаардлага тавьж байгаа ч хүлээж авахгүй тохиолдол гарч байгаа.


-Танай байгууллага иргэдэд ямар заавар, зөвлөгөө өгч байгаа вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг  7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн автобусны чиглэл, цагийн хуваарь лавлаж байна. Цахим төлбөрийн картын систем хэрэгжсэнээр нийслэлд 1000 орчим цэгт цахим карт цэнэглэж байсан. Хөл хориотой холбоотой түргэн үйлчилгээний цэгүүд ажиллахгүй, томоохон сүлжээ дэлгүүрийн цэг ажиллаж байгаа. Иргэд HI PAY аппликэйшн ашиглан цахимаар картаа цэнэглэх боломжтой.

Холбоотой мэдээ