Хөлөнбуйрын постоор өдөртөө 100-гаад тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-05 18:23:28

Дорнод /МОНЦАМЭ/. Хөлөнбуйрын постоор өдөртөө 100-гаад тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн байдлаар 27 тээврийн хэрэгсэл, 56 иргэн ирсэн бол 26 тээврийн хэрэгсэл, 38 иргэн Дорнод аймгаас гарчээ.

Иргэд нийслэлд PCR шинжилгээ өгч, холбогдох материалуудаа бүрдүүлэн аймгийн Онцгой комисст илгээснээр хурлаар шийдвэрлэж, Дорнодод нэвтрүүлэх эсэх талаар хариу өгч байгаа юм. Гэтэл аймгийн Онцгой комиссын шийдвэр гараагүй байхад хэдийнэ хөдөлгөөн үйлдэж, Хөлөнбуйрын пост дээр ирснийхээ дараа материал бүрдүүлэлт дутуу, нэвтрүүлэх боломжгүй зэрэг хариу сонсох тохиолдол мэр сэр гарсаар байна. 

Түүнчлэн өчигдөр л гэхэд Булган суманд нутаглаж буй иргэний нэр дээр Багахангай дүүргээс зургаан тооны хурдан адуу тээвэрлэсэн жолооч Хөлөнбуйрын пост дээр иржээ. Багахангай дүүргээс гарал үүслийн бичиг хийж өгөхдөө тухайн иргэний цахим үнэмлэхний хаяг буюу Дорнод аймгийн бус өмнөх хаягийг нь бичсэн учир нэвтэрч чадахгүй 24 цаг хүлээсэн аж. Тиймээс хөдөлгөөн үйлдэхдээ дүрэм журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг анхааруулж байна.   

Холбоотой мэдээ