Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэдорж “Сум хөгжүүлэх сан”-гаас олгосон 4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх боломж муу байна гэж онцоллоо.
Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сараас эхлэн “Сум хөгжүүлэх сан”-гийн эргэн төлөлтийг сайжруулах, жижиг
дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээл авсан аж ахуй нэгж, зээлийн муу түүхтэй иргэдийн талаар Монгол банкны зээлийн мэдээллийн
нэгдсэн санд оруулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд сумдын сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнээр дамжуулан
2011-2019 онд зээл авсан хугацаа хэтрэлттэй хэвийн бус зээлдэгч иргэн, аж ахуй
нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлж, хугацаатай үүрэг чиглэл өгч ажилласан.
Олон нийтийн цахим
сүлжээнд зар тавьсны дагуу зарим иргэн, аж ахуй нэгж зээлийн эргэн төлөлтөө
хийсэн. Одоогоор зээлдэгч нарын тоон судалгааг
нарийвчлан гаргах ажил үргэлжилж байгаа учир эцсийн дүн мэдээ хараахан гараагүй.
Сум хөгжүүлэх сангаас
авсан зээлийн эргэн төлөлтөө хамгийн өндөр дүнтэй хийсэн сум урьдчилсан
байдлаар Булган сум байна. Тус
сумын тухайд
50-60 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Бусад сумынхан 10-20 сая төгрөгийн зээлийн эргэн
төлөлт хийжээ.
Харин зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, хангалтгүй дүн
мэдээтэй сум гэвэл Ховд, Дуут, Дөргөн, Дарви, Мянгад, Чандмань багтаж байна.
2011 оноос эхлэн сум
хөгжүүлэх сангийн мөнгийг орон нутагт олгож, хуваарилж эхэлсэн байдаг. Анх Ховд аймагт 4 тэрбум төгрөгийн
санхүүжилт ирсэн. Одоо өссөн дүнгээрээ 9 тэрбум 500 сая төгрөг болоод явж буй. Энэ санхүүжилт нь 1700 гаруй иргэн, аж
ахуй нэгжид олгогдсон гэсэн үг.
Сум бүрт сум хөгжүүлэх
сан бий. Зээл гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байдаг. Монгол Улсын
Засгийн
газрын 2016 оны 153 тоот тогтоолын дагуу сумын орлогч даргаар ахлуулсан ажлын
хэсэг удирдаж,
зээл олгох чиглэлээ тодорхойлдог.
Сум хөгжүүлэх сангийн
зээл авсан иргэн,
аж ахуйн нэгжүүд хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс тус зээл нэг хэсэг тасарч, олгогдох
боломжгүй болж байсан. Зээлдэгч
нарын хариуцлагын асуудал үүнтэй холбоотой.
Зарим сумынхан зээлийг хугацаанд нь төлж 3-4 удаа
эргэлдүүлсэн байна. Харин зарим суманд 1-2 удаа эргэлтэд оруулсан байдаг.
Зээлийн эргэн төлөлт нь
иргэн, аж ахуй нэгжийн
хариуцлагын асуудал ч гэлээ мөн тухайн сум орон нутгийг удирдаж байгаа
хүмүүстэй хамааралтай байх.
Сум хөгжүүлэх сангийн
зээл анх олгож эхэлсэн 2011-2013 онд харьцангуй зорилтот зээлдэгч нарт хүрч
байсан. Сүүлийн жилүүдэд улс төр, хувийн
ашиг сонирхол, танил тал зэргийг харж үзэмжээр олгодог болчихсон бололтой. Гэхдээ
бүх сум зээлийн эргэн төлөлтийг огт хийдэггүй гэж ойлгож болохгүй юм.
Манхан, Зэрэг,
Эрдэнэбүрэн сумын иргэн, аж ахуй нэгжүүд зээлийн эргэн төлөлт сайн хийдэг,
хариуцсан дарга мэргэжилтнүүд ч анхаарч ажилладаг гэж хэлж болно.
Сум хөгжүүлэх сангийн
зээл зориулалтын дагуу зарцуулагдаж чадахгүй байгаа. Тайлан мэдээ авах гэж
нэлээн юм болдог. Шахаж шаарддаг хэдий ч сум хариуцсан мэргэжилтнүүд тайлан
мэдээг заримдаа
хугацаандаа ирүүлдэггүй.
Мөн зээлдэгч нас барах,
хариуцах эзэнгүй болох, хамтран зээлдэгч нарын гарын үсэг дутуу, нэг хүн
дангаараа гарын үсэг зурсан зэрэг
дутагдал
их байдаг. Мөн төрийн
сангийн төлөөлөгч, зээл хариуцсан орлогч дарга, зээлдэг гурав гарын үсэг зураад,
авчихсан тохиолдол ч байдаг.
Хамгийн чухал зүйл бол
хариуцлага. Тиймээс сум хөгжүүлэх сангийн зээлийн журмыг өөрчлөх талаар
яригдаад хоёр жил болж байгаа.
Гэвч өөрчлөлт алга л байна. Хэрэв журам өөрчлөгдөж сайжирвал тухайн зээлийг
банкаар дамжуулан олгох эсвэл иргэн, аж ахуйн нэгжид жижиг дунд үйлдвэрлэлийг
дэмжих зорилгоор нь олгодог болох шаардлага байна. Энэ чиглэлд санал гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлээд хүлээж байна.
Хамгийн гол нь 2022
оноос орон нутаг өөрөө төсвийнхөө зарцуулалтыг шийдэх эрх хэрэгжиж эхлэхээр сум
хөгжүүлэх сангийн мөнгө яаж олгогдох юм. Тиймээс зохицуулалт л хэрэгтэй байна.
Өдгөө сум хөгжүүлэх сангийн бүх мэдээллийг цахим программд
оруулах ажил хийж байгаа нь чухал.
Ингэснээр зээлд хамрагдаж байсан хүмүүсийн мэдээллийг хүссэн
хүн бүр харах, дүгнэх боломжтой. Давхардаж
зээл олгох асуудал цэгцэрнэ.
Мэдээллийн
санд муу зээлийн түүхтэй иргэн, аж ахуйн нэгжид банк, төсөл, хөтөлбөрүүд зээл
олгох боломжгүй гэж үздэг.
Зээл нь төлөгдөж дууссанаар нэг
жилийн дараа эерэг болон сөрөг бүх мэдээлэл устана.
Сүүлийн үед олгосон
зээлүүд үр дүн муутай, сонгууль,
улс төртэй холбож хавтгайруулах байдал ажиглагдсан. Сум хөгжүүлэх сангийн зээлийг дүрэм журам, зориулалтын дагуу олгодог
болох учиртай. Энэ
зээл урсгал байдлаар олгогдвол ажлын байр бий болгох биш харин нэг өрийг
нөгөөгөөр хаадаг чанаргүй зээл болж хувирах, эргэн төлөлт муудаж байна.
Иймээс өнөөдөр нийт 4 тэрбум төгрөгийн зээл үндсэндээ
эргэн төлөгдөх боломж,
бололцоо муу байна.
Сум хөгжүүлэх сангийн
зээлийн хэмжээний тухайд 500 мянгаас 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог.
2011 оноос эхлэн
олгогдсон сум хөгжүүлэх сангийн зээлийн үр дүнд шинээр 1904 ажлын байр
болсон. Мөн хадгалсан
ажлын байр 1014 байна гэх цаасан дээр бичигдсэн тайлан мэдээг хариуцсан
мэргэжилтнүүд бидэнд ирүүлсэн
байдаг.
Зээлийг ямар шалгуураар
олгоод байна вэ? гэхээр “Төсөл
сонгон шалгаруулах зөвлөл”
гээд 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Уг нь бол Засгийн газрын 153 тоот тогтоолд зааснаар
зээлд хамрагдах гэж буй иргэн, аж ахуй нэгж нь 10 гаруй материал бүрдүүлж, түүнийгээ хянуулж байж зээлд хамрагдах
ёстой.
Сум хөгжүүлэх сангийн
зээлийг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ажлын байр бий болгосон, түүхий эд
материалаа татдаг, тогтмол эргэлтийн хөрөнгөтэй иргэн, аж ахуй нэгжид олгох ёстой гэж заасан
байдаг.
Гэтэл өнөөдөр Ховд аймагт сум хөгжүүлэх сангийн зээл,
эргэн төлөлтийн хяналт муу
байгаагаас
хангалтгүй түвшинд хэрэгжиж байна гэж дүгнэгдэхэд хүрч буй.
2011 оноос эхлэн
олгосон сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт муу байгаагаас шалтгаалан
дараа дараагийн иргэдэд зээлэх мөнгө багасна.
2020 онд 136 иргэн, аж ахуй нэгжид 540 сая төгрөгийн зээл
олгосон байгаа. Хэрэв зээл авсан иргэн, аж ахуй нэгж бүр зээлээ үр ашигтай
зарцуулж, хугацаандаа төлчихдөг байсан бол 4 тэрбум 540 сая төгрөгийн зээл илүү
олон иргэн,
аж ахуй нэгжид очих боломжтой.
Цаашлаад илүү олон ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээний газар хөгжих боломжтой болох байсан.
Сүүлийн жилүүдийн зээлийн эргэн төлөлт 50 гаруй хувьтай буй.
Зээлийн эргэн төлөлтийг шахаж шаардах, хянах, үр дүнг тооцох эрх “төрийн сан”-гийн хариуцсан мэргэжилтэнд бий. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь сум хөгжүүлэх
санд хамааралгүй шахуу байдаг. Ямар
ч эрх мэдэл байхгүй. Зөвхөн сум хөгжүүлэх сангийн хэдэн цаасан тайлан мэдээг
алдаг хоног хүлээн авч,
цэгцлэхээс хэтэрдэггүй гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэдорж мэдээллээ.
