Сурагчид “Төгсөгчдийн төгөл” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:08:15

Дархан-Уул аймгийн Дархан сумын химийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургууль нь 1976 онд "Есдүгээр бага сургууль" нэртэйгээр 300 гаруй сурагчтай анх нээгдэж байсан бол эдүгээ 40 жилийн босгон дээр 1396 суралцагчтай, 96 багш ажилчидтайгаар сургалт явуулж байна. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар тус сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж сурч байсан анги танхимаараа зочлов.

Тус сургууль ирэх есдүгээр сард 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. Сургуулийн энэ жилийн төгсөгчид санаачилж “Төгсөгчдийн төгөл” байгуулахаар төлөвлөснөө ажил хэрэг болгож мод суулгац тарьж байна. Энэхүү төглийг аймгийн Засаг дарга А.Энхболд дэмжиж туслалцаа үзүүлэхээр болсоноо хэлсэн юм. Мөн үеэр сургуулийн захирал П.Булганмаа тус сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг, сургуулийн дээврээс борооны улиралд дусаал дусдаг зэрэг тулгамдаж буй асуудлуудаа аймгийн Засаг даргад танилцуулж дэмжлэг хүслээ. Тус  сургууль нь химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээгээд 24 дэх жил болж байгаа бол “Хичээл хоорондын холбоо-Хамтын хичээл”, “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор ажиллах “Багш-Эцэг эх-Сурагч” нэртэй хүмүүжлийн үйл ажил, багшийн хөгжлийг дэмжих “Сэтгэлгээний нүүдэл”, “Багш солилцоо” зэрэг томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа аймгийн удирдлагуудад танилцууллаа.

                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ