Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-20 11:22:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурал өчигдөр болж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2019-2020 оны хэрэгжилтийг дүгнэх ажлын баг байгуулав.

Засгийн газраас “Covid-19 цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжүүлэх журам баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа тэглэх, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хүүхдийн мөнгө, насны хишиг олгох, цалинтай ээж болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Нийгмийн халамж, нийгмийн даатгал, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний зарим үйл ажиллагаа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ. Цаашид “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг улс, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны түвшинд хэрэгжүүлэхэд анхаарах юм.

Улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцол чухал. Иймд хурлаар ойлголтоо нэгтгэж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ түвшинд гаргахад санал нэгдэв.

 

Холбоотой мэдээ