Гадаад худалдааны бараа эргэлт 9,1 тэрбум ам.долларт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 9 сард нийт 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум, импорт 3.9 тэрбум ам.доллар боллоо.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (13.9
хувь) тэрбум, үүнээс экспорт 799.0 (13.4 хувь) сая ам.доллароор, импорт 670.7
(14.6 хувь) сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Өнгөрсөн 9
дүгээр сард экспорт 668.2 сая, импорт 474.9 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 22.0
(3.2 хувь) сая, импорт 36.3
(7.1 хувь) сая ам.доллароор буурав. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний
9 сард 1.3 тэрбум ам.долларын
ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 128.3 сая ам.доллароор буурч, 1.2 тэрбум ам.долларын ашигтай байна. БНХАУ-тай
5.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн
нь гадаад худалдааны бараа эргэлтийн 57.8 хувийг эзэлж байна.
БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 37.2 хувийг чулуун
нүүрс, 30.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон
барааны 99.8, Сингапурт
экспортолсон барааны 57.4, Их Британид экспортолсон барааны 58.6 хувийг
алтны экспорт эзэлж байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 799.0 сая ам.доллароор буурахад зэсийн
баяжмалын экспорт 254.7 сая, нүүрсний экспорт 961.2 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Импортын гол түнш улсын хувьд энэ оны эхний 9 сард БНХАУ 37.2, ОХУ
26.1, Япон Улс 7.7, БНСУ 4.3, АНУ 4.3, хувийг эзэлж, нийт импортын 79.7 хувийг
бүрдүүлэв.
ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.2 хувийг нефтийн
бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин,
БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны
тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэллээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 670.7 сая ам.доллароор буурахад автобензины импорт 62.1
сая, дизелийн түлшний импорт 202.9 сая, суудлын автомашины импорт 124.5 сая,
ачааны автомашины импорт 80.5 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Эрдэс болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу,
металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 97.2 хувийг эзэлсэн бол импортын 63.5 хувийг эрдэс
бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл,
тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.