Завхан аймагт "Таван эрдэнэ" баруун бүсийн их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-04 10:04:13

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын 17-19-ний өдрүүдэд  баруун бүсийн Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэгчид, малчид оролцсон “Таван эрдэнэ” их наадам болно гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

“Таван эрдэнэ” наадмын үеэр баруун бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зөвлөгөөн “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг болно. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын удмын санг сайжруулах зорилго бүхий шилдэг үүлдрийн хээлтүүлэгч малын үзэсгэлэн худалдаа, үндэсний үйлдвэрлэгч компаниудын танилцуулга,бүтээгдэхүүний үзэсгэлэн, загварын үзүүлбэр болох юм.

Малын үзэсгэлэн худалдааны үеэр үржлийн мал шилж сонгох, чанартай түүхий эд бэлтгэх шаардлага, стандартыг харуулсан үзүүлэх сургалтууд болно. Түүнчлэн шилдэг хээлтүүлэгч мал шалгаруулах уралдаан болно. Завхан аймаг үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин амжилттай ажиллаж байгаа. Тиймээс баруун бүсийн томоохон зөвлөгөөний үеэр аймгийнхаа 24 сумын үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус наадамд баруун зургаан аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэгчид, малчдаас гадна, ХХААХҮЯ, НХХЯ-ны удирдлага, мал аж ахуйн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, үндэсний үйлдвэрлэгчид ирж оролцох юм. Манай аймаг НҮБ-тай хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү томоохон ажлыг төслийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэж ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Ташрамд энэ үеэр Монгол Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх наадам болох бөгөөд, улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан, даага, хязаалан, соёолон, их насны морьдын уралдаан, үндэсний сурын харваа тус тус зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ