"Хамгаалагдсан ирээдүй" сэдэвт нэг сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 12:42:08

Өмнөговь аймгийн хэмжээнд "Хамгаалагдсан ирээдүй" сэдэвт бүтээлч аяныг байгууллага хамт олны дунд 4 дүгээр сарын 28-аас нэг сарын хугацаатайгаар эхлүүлж байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулиудыг олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгож, гэр бүлийг дэмжих зөвлөлийн ажлыг тогтмолжуулах зорилготой ажээ. Тус аяныг Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөл, Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ аяны хүрээнд байгууллагууд тодорхой ажлууд хийсэн байх үүрэг хүлээж байгаа юм. Үүнд хүүхэд гэр бүлийг гэмт хэрэг эрх зүйн зөрчил, хүчирхийллээс урьчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн байх, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцлийг арилгах, энэ чиглэлээр хүүхдүүдийн гаргасан санаачилгыг дэмжиж хамтарч ажиллах, хүүхдийн эрх хамгааллын хууль судлуулах, энэ сэдвээр уралдаан тэмцээн зохион байгуулах юм. Мөн тухайн ажлуудаа зохион байгуулах үедээ мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч хамтарч ажиллан тухайн ажлуудаа мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх ажээ.

Энэхүү аяны үр дүнгээ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд хэлэлцэж үр бүтээлтэй ажилласан байгууллагуудаа урамшуулах юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ