Малын мөшгөх тогтолцоо үр дүнгээ өгсөн

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-03 17:59:40

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог үргэлжлүүлэн 24 сумандаа нэвтрүүлж ажиллана.

Өнгөрсөн жил Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой “Малын эрүүл мэндийн эргэн мөшгөх систем” нэвтрүүлэх ажлыг Ногоон Алт төсөлтэй хамтран Завхан аймагт амжилттай зохион байгуулжээ.

Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан вэб технологид суурилсан энэхүү систем нь мал эмнэлгийн гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд уг мал, амьтан ямар үйлчилгээнд хамрагдсан гэсэн түүхийг баталгаажуулдаг байна. Уг системийг нэвтрүүлснээр Завхан аймагт мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн мал эмнэлгийн нэгжийн ажлын үр дүнг баталгаажуулах, дүгнэхэд дөхөм болсон. Малын халдварт өвчингүй аймаг гэдгээ олон нийтэд зарлаж малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийн тоо өссөн байна.

Мөн хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог малын гаралтай түүхий эдийн стандартын гарал үүслийн бичгээр нотлох нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн энэхүү системийг нэвтрүүлснээр малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн гээд ололттой тал бий болоод байгаа. Тус аймаг сүүлийн дөрвөн жил малын гоц халдварт өвчингүй байгаа нь малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог нэвтрүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газартай нягт хамтран ажилласан нь ололт юм. Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоо нь мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем болж хөгжиж байгаа талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ