АНУ руу мэдээлэл дамжуулж, тагнуул хийсэн хэргээр цаазлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-24 10:58:26

ТЕХРАН. /BBC/. АНУ руу мэдээлэл дамжуулж, тагнуул хийсэн хэргээр Ираны Батлан хамгаалах яамны ажилтан Жалал Хажизаварыг цаазаар авсан тухай тус улсын төрийн мэдээллийн  "IRIB" агентлаг мэдээллээ.


Жалал Хажизаварын гэрээс тагнуулын төхөөрөмж болон баримт бичгүүд олдсонтой холбогдуулан түүнийг цэргийн шүүх тагнуул хийсэн хэрэгт буруутгасан гэж мэдээлэлд дурджээ.


Тэрбээр Батлан хамгаалах яамны сансрын агентлагт гэрээлэгчээр ажиллаж байгаад есөн жилийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна.


Жалал Хажизаварыг Ираны нийслэл Техран хотоос холгүй орших Караж хотын Ражайшахр шоронд хэд хоногийн өмнө цаазалсан гэх мэдээлэл байгаа юм. Тэрбээр АНУ-ын Тагнуулын төв газарт мэдээлэл дамжуулж, үүнийхээ хариуд мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн гэж "IRIB" мэдээллийн агентлаг мэдээлэв. Харин түүний салсан эхнэрт тагнуул хийсэн хэргээр 15 жилийн хорих ял оноосон байна.


Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Ираны албаны хүмүүс, АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуулын сүлжээг тасалж, хэд хэдэн тагнуулыг баривчилсан гэж мэдэгдсэн боловч тус баривчилгаа нь Жалал Хажизаварын хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм.


Ормузын хоолойд үйл ажиллагаа явуулдаг нефть тээвэрлэгч хөлөг онгоцнууд руу халдсан хэрэгт АНУ Ираныг буруутгасантай холбоотойгоор тус хоёр улс хоорондын хурцадмал байдал даамжирсан билээ.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын цэргийн дроныг Иран пуужингаар устгасан хэрэг гарсан юм. Уг хэрэг явдалтай холбогдуулан Техран мэдэгдэл хийхдээ "АНУ-ын цэргийн дрон Ираны агаарын орон зайд нэвтэрсэн" гэсэн боловч АНУ "манай цэргийн дрон олон улсын агаарын орон зайд нислэг хийж байсан" гэж мэдэгдсэн юм.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай дайн хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн боловч хэрэв зөрчилдөөн хурцдах аваас Ираныг "ор мөргүй" болгоно гэж анхааруулжээ.

Холбоотой мэдээ