Донойн нисэх буудлын хөөрч буух зурвасыг ирэх сарын 30-нд нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-18 22:09:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Доной нисэх буудалд барьж байгаа онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.  

Тус замын барилгын ажлыг "Хурдны зам" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд анх 2008 онд улсын төсөвт хөрөнгө нь суугдсан боловч хэд хэдэн удаа тодотгол хийж энэ жилийн зургадугаар сард онгоц хөөрч буух зурвасын барилгын ажлыг эхлүүлжээ. 

Тус хөөрөх буух зурвас нь найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2860 метрийн урт, 30 метрийн өргөн хатуу хучилттай зурвас юм.

Өнөөдрийн байдлаар онгоцны хөөрөх буух хатуу хучилттай зурвасын суурийн хучилтын ажил дуусаж байна. Үүний дараа хажуугийн аюулгүйн зурвасын ажлыг хийх юм. Ирэх сарын 30-ны өдөр Донойн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгнө. Тун удахгүй Завхан аймаг ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух олон улсын буудалтай болох юм хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтын инженер Ц.Шижир-Эрдэнэ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ