Завхан аймаг тогтвортой хөгжлийг дэмжиж, малын бэлчээрийг өнжөөх нөхөн сэргээх ажлыг хийж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-18 23:30:22

Завхан /МОНЦАМЭ/. Завханчууд бид хойч үеийнхээ хэрэгцээ, шаардлагаа хангах боломжийг хязгаарлахгүйгээр өнөө үеийнхнийхээ хэрэгцээ, шаардлагыг хангаж байгаль орчинд ээлтэй тогтвортой хүнсний хэрэглээтэй болж чадсан уу?  Энэ асуултад хариулах гэж Тогтвортой хөгжлийн нэгэн гол зорилт болох хүнсний тогтвортой хэрэглээ Завхан аймагт ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй тогтвортой хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Учир нь тогтвортой хөгжил нь хүн амын өсөлт, нийгмийн тэгш бус байдал зэргээс үүсэн бий болсон олон асуудалд нөлөө үзүүлж байна. Дэлхийн хүн ам 2100 он гэхэд ойролцоогоор 10 тэрбумд дөхөж очих судалгаа байна. Үүнийг дагаад усны хэрэглээ 30-85 хувь, үр тарианы хэрэглээ хүртэл нэмэгдэх таамаг байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж нуур цөөрөм ширгэсний улмаас усны хомсдол нүүрлэж хоол тэжээлийн дутагдалд орж байна. Одоогийн дэлхийн эдийн засгийн өсөлт нь байгалийн баялгийн хэт олборлолтод тулгуурлаж байгаль орчны бохирдол, доройтлыг бий болгож байна. Энэ нь эргээд эдийн засаг, нийгэмд өндөр эрсдэл бий болгон хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж, түүнд тулгуурлан амьдардаг хүн амыг улам бүр ядууруулж байгааг дэлхий нийтээр ярьж бичиж анхааруулж энэ талаарх бодит ажлыг аль хэдийн хийгээд эхэлжээ.
Тодруулбал: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаанаараа "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг баталсан билээ. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа 8 сая иргэний санал хүсэлтэд тулгуурлан, хөгжлийн бодлогыг боловсруулжээ. Харин Монгол Улсын хувьд 5000 иргэн саналаа өгсөн байна. Тус хөтөлбөрт хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа 17 асуудлыг шийдвэрлэх зорилго тавьжээ. Энэ асуудал дэлхийн бүх оронд хамаатай. Учир нь өмнө нь НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилт хөтөлбөрийг баталж байхад хөгжилтэй орнууд нь хөгжингүй орондоо туслах нь нэн чухал байсан бол энэ удаагийн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр хөгжлөөс үл хамаараад бүхий л улс орон зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой ажээ. “Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрт доорх 17 зорилт тусгагджээ. Үүнд:
-Ядуурлыг устгах
-Өлсгөлөнг зогсоох
-Эрүүл мэндийг дэмжих
-Чанартай боловсролыг дэмжих
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
-Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
-Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
-Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох
-Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх
-Тэгш бус байдлыг бууруулах
-Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
-Хариуцлагатай хэрэглээг дэмжих
-Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах
-Далай тэнгисийн нөөцийг хамгаалах
-Хуурай газрын эксл системийг хамгаалах
-Энх тайван шударга ёсыг цогцлоох
-Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх гэх мэт зорилтууд тусгагджээ. Дэлхийн хэмжээний “Тогтвортой хөгжил-2030”-ийн 17 зорилтын нэгэн гол зорилт нь ядуурлыг устгаж өлсгөлөнг зогсоох аюулгүй хүнсний тогтвортой хэрэглээг бий болгох явдал ажээ. Харин "Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-д Монгол Улсын хүн амд эрүүл мэндийг нь дэмжсэн, тэжээллэг, чанар сайтай хүнсийг тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хөрс, ус, агаар, сав, шим ертөнц, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, мал амьтны тавлаг байдал, эрүүл, үржил шимт хөрсийг эрхэмлэсэн тогтвортой хөгжлийн зарчмыг төлөвшүүлэх, ирээдүй хойч үедээ огцом өөрчлөгдөж буй байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицох, өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа сайтай мал, амьтан, ургамлын үүлдэр, угсаа, сортыг бий болгон эрүүл, тогтвортой хүнсний нөөц, баялгийг өвлүүлэн үлдээх, малчин тариаланчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хамтрах, мэдлэгээ хуваалцах, харилцан хяналт тавих, хариуцлагыг өндөржүүлэхээр зорилтуудыг дэвшүүлжээ.

Өнөөдөр Монгол Улсад тогтвортой
хүнсний хэрэглээ, аюулгүй,
органик хүнс бий болж чадсан уу?

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан Монгол Улсад  га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аюулгүй, тогтвортой хүнсний хэрэглээ улам бүр багасаж байгааг судлаачид хэлсээр байна. Иймд манай улс тогтвортой хүнсний хэрэглээг бий болгохын тулд Хөдөө аж ахуйн бодлогодоо органик үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заагаад буй юм. Тиймээс Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” нэгдсэн том хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэд аюулгүй, органик тогтвортой хүнс тэжээлээр хангагдах эрхтэй ажээ. Тогтвортой хүнсний хэрэглээтэй байя гэвэл аюулгүй хүнс хэрэглэх ёстой.  

Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ?
“Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг байна.
Хүнсний аюулгүй байдлыг Чанар, эрүүл ахуйн шаардлага, шим тэжээл, хангамж хүрэлцээ гэсэн шалгуур, судалгаагаар тодорхойлдог.  
Аюулгүй хүнс гэж юу вэ? 
-Аюулгүй хүнс гэдэг нь хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсгэх буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлнэ. Хүнсийг бохирдуулагч хүчин зүйлсэд юу ордог вэ?
-Хоол хүнсийг хэрэглэх явцад хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй хими, физик, биологийн биетүүдийг бохирдуулагч хүчин зүйлс гэнэ.
Физикийн бохирдолт нь: Хоол үйлдвэрлэл, савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад тоос шороо, тос будаг, шавьж мэрэгчийн ялгадас, шилний хагархай, төмрийн үртэс г.м зүйлс бүтээгдэхүүнд орж бохирдуулахыг физикийн бохирдол гэнэ.
Химийн бохирдолт нь: Түүхий эд болон мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь пестицид, эмийн бодис, хүнд металл, бусад химийн хорт бодисоор бохирдохыг химийн бохирдолт гэнэ.
Биологийн бохирдолт нь: Хоол, хүнс үйлдвэрлэлийн халуун боловсруулалт болон түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын горим алдагдсан, цэвэрлэгээ ариутгал дутуу хийсэн үед нянгаар бохирдохыг биологийн бохирдолт гэнэ. Үүнд: 1.Өвчтэй мал, амьтад тэдгээрийн бүтээгдэхүүнээр дамжин бохирдох, 2. Архаг нян тээгч хүнээс хүнсний бүтээгдэхүүн бохирдох, 3. Хоол, хүнс үйлдвэрлэл болон савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад халдвартай бохир зүйлээр дамжин хүнсний бүтээгдэхүүн бохирдохыг хэлдэг ажээ.
Органик хүнс гэж юуг хэлэх вэ?
-Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг “Органик хүнс” гэнэ. Тодруулбал, өндөг, сүүн бүтээгдэхүүнийг авах мал, тахиаг антибиотик болон өсөлтийн даавар хэрэглэлгүйгээр өсгөсөн байх шаардлагатай. Түүнчлэн органик хүнсний бүтээгдэхүүнүүд нь ирээдүй, хойч үедээ зориулан хүрээлэн буй орчны чанарыг нэмэгдүүлэхийн тулд хөрс, усаа зохистойгоор ашиглан, хадгалан үлдэх болон нөхөн сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглахыг чухалчилж авч үздэг фермерүүдийн бүтээгдэхүүнүүд байдаг. Органик хүнс, ногоо нь пестицид, нийлэг бордоо, бохир усны сувгийн тунадас, био-инженерчлэл, йонжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж ургуулсан байдаг байна.  

Бидний аюулгүй, органик хүнсний хэрэглээ 
байгаль орчинд ээлтэй байж чадах уу?

Харин Завхан аймгийн тухайд өнөөдөр Монгол Улсдаа малын өвчлөл гараагүй эрүүл малын махтай аймгийн тоонд орж буй. Тиймээс ч гадаадад эрүүл малын махыг экспортолж эдийн засгийн хувьд тогтвортой үнийн бодлого барьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг 3406.2 мянган толгой малтай. Үүнээс 20.6 хувьтай тэнцэх 645.1 мянган малыг хүнсний хэрэглээндээ зарцуулсан байна. Малтай нэг өрх дунджаар 50 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсаныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрхөд дунджаар 31 толгой малыг хүнсний хэрэглээндээ зарцуулсан тооцоо гарч байна. Энэ нь аюулгүй эрүүл малын махыг хүнсэндээ хэрэглэж байгаа сайшаалтай хэрэг боловч нөгөө талаараа аймгийн нийт газар нутагтай харьцуулахад малын тоо хэт өсч бэлчээрийн талхагдал, доройтол хомсдолд хүргээд байгааг ч албаныхан хэлж байна.

Цаашлаад хэт олон малын баас, өтөг, бууц нь их хэмжээний метан буюу намгийн хийг ялгаруулж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж их хэмжээний хүлэмжийн хийн ялгаралын бас нэгэн хүчин зүйл болж байгааг ч судалгаагаар нотлоод байна. 

Тухайлбал, Завхан аймгийн нийт нутаг 82.5 мянган километр квадрат нутаг дэвсгэрээс газрын нэгдмэл сангийн ангиллаар 7 сая орчим га бэлчээрийн талбай эзэлдэг. Манай аймгийн өвлийн бэлчээрийн ургамлын гарцыг га-д 3.6 центрээс дээш ургацтай байвал хэвийн гэж үзвэл 2.5 сая тонн өвс бэлчээрт байгаа гэсэн үг юм. Жилийн дунджаар нэг хонь хоногт 1.6 кг өвсийг бэлчээрээс олж иддэг гэвэл жилд 584 кг өвсийг хэрэглэдэг судалгаа байна.  
Малтай өрхийн тоо өнгөрсөн оноос 755-аар буюу 6.2 хувиар, малчин өрхийн тоо 549-өөр буюу 6.6 хувиар тус тус өсчээ. Аймгийн нэг хүнд дунджаар 48 толгой мал, нэг өрхөд 162 толгой мал, нэг малчин өрхөд 387 толгой мал тус тус ногдож байна. Амины малтай өрх нь аймгийн хэмжээний нийт өрхийн 61.3 хувийг эзэлж байна.
Эдгээр хүчин зүйлүүд нь таваарлаг цөөн тооны малыг өсгөн үржүүлж хэрэглээндээ зарцуулах, бэлчээрийн газар нутгийг нөхөн сэргээгдэх боломжийг бүрдүүлэх, улмаар байгаль орчинд халгүй мал аж ахуйг өсгөн үржүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Түүнчлэн малын тооны хойноос хөөцөлдөхгүй байхыг малчдад ойлгуулах нь чухал болоод байгаа юм. Төрөөс малчдын талаар явуулж буй бодлогод экологийн асуудлыг орхигдуулсан. Үр дүнд нь бэлчээрийн талхагдал нэмэгдэж малын хөлд хөрс талхагдсанаас чийг барих, ургамлын ургалтыг дэмжих чадвар нь алдагдаж буйг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.
Дэлхийн уур амьсгалын дулааралт болон малын тооны огцом өсөлтөөс бэлчээрийн зохистой менежмент алдагдаж бэлчээрийн доройтол улам бүр эрчимжиж үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэх түвшинд хүрээд байна. Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулахад доройтлын гол хүчин зүйлийг нарийн тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Тиймээс Монгол Улс бэлчээрийг ашиглалтаас чөлөөлөх замаар сэргээх боломжийг судлах ажлыг хийж байна. Харин Завхан аймгийн тухайд нэгдсэн бодлогоор бэлчээр өнжөөх, ашиглалтаас чөлөөлөх үйл явцыг хийж эхлээд байна. Харин ойн талбай, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, бэлчээр хамгаалах чиглэлээр Идэр суманд 20 га, Тосонцэнгэл суманд 40 га, Отгон, Улиастай, Ургамал суманд тус бүр таван га талбайд ойжуулалт хийжээ.

Завхан аймгийн дүнгээр нийт амины малтай өрхийн 3.9 хувь нь 10 хүртэл малтай, 8.1 хувь нь 11-30 малтай, 7.6 хувь нь 31-50 малтай, 15.4 хувь нь 51-100 малтай, 22.7 хувь нь 101-200 толгой малтай, 27.5 хувь нь 201-500 малтай, 10.2 хувь нь 501-1000 хүртэл малтай, 4.6 хувь нь 1000 дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна.

Нийт амины малтай өрхийн 57.7 хувь нь 200 хүртэл малтай байна. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна.

 

Тэгвэл бодлогоор байгаль орчинд

ээлтэйгээр эрүүл, тогтвортой хүнсний хэрэглээг хангаж хэрхэн яаж таваарлаг, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх вэ?

-Завхан аймаг малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар олон талын ажил хийж цэвэр үүлдрийн үхэр 2.5 мянга, шилдэг үүлдрийн адуу 10.7 мянга, тэс хэвшлийн адуу 2.1 мянга, шилдэг үүлдрийн ямаа 198.9 мянга, цэвэр үүлдрийн хонь 315.3 мянгыг өсгөн үржүүлжээ. Харин аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх иргэдийг бодлогоор дэмжиж буй ч аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэд маш цөөн багтаж байна.

 

Эрүүл хүнсний ногоог хэрэглэж байгаа гэдэг нь бас л эргэлзээтэй

Өнөөдөр Завхан аймгийн иргэд эрүүл хөрсөнд тарьсан эрүүл хүнсний ногоог хүнсэндээ тогтвортой хэрэглэж байна гэсэн мэдээллийг холбогдох албаныхан болон тариаланчид өгдөг. Гаднаас буюу БНХАУ-аас импортоор орж ирж буй хүнсний ногоо аймгийн нийт хүнсний ногооны хэрэглээний дөнгөж 1.1 хувийг эзэлдэг байна. Энэ нь Завхан аймгийн иргэд өөрийн аймгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоогоор бүрэн хангагдаж байгаа сайн жишээ юм. Харин яг органик уу үгүй юу гэсэн яг таг судалгаа алга.
Завхан аймаг 2017 онд нийт 1990.2 га-д тариалалт хийснээс 221.4 га-д төмс, 116.0 га-д хүнсний ногоо, 805.0 га-д үр тариа, 847.8 га-д таримал тэжээл тус тус тариалсан байна.

Өнгөрсөн оноос нийт тариалсан талбай 438.3 га-гаар буурч аймгийн дүнгээр 2317.2 тн төмс, 1269.5 тн хүнсний ногоо, 21191.3 тн хадлан, 260.3 тн гар тэжээл, 3077.1 тн таримал тэжээл, 610.0 тн үр тариа тус тус хураан авчээ.

Харин 2018 онд аймгийн хэмжээгээр 1264.08 га талбайд тариалалт хийснээс 2099.1 тн төмс, 1083.3 тн хүнсний ногоо, 13742.2 тн хадлан, 115.4 тн гар тэжээл, 1120.3 тн тэжээлийн ургамал, 148.0 тн үр тариа тус тус хураан аваад байна.  Өнөөдөр газар тариалан эрхэлж буй иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд газрыг гүн, хэт их хагалснаас хөрсний бүтэц эвдрэх, борооны усаар хөрс угаагдан органик бодис нь алдагдах, нэг төрлийн ургамлыг сэлгээгүй дагнаж тарьснаас хөрсний үржил шим буурах, хог ургамал, хортон шавьж устгахад химийн бодис хэрэглэснээс хөрсний ашигт бичил биетнийг устгах зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа ажээ. 

Аймгийн хэмжээнд уламжлалт мал аж ахуйгаас мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, газар тариалангаас эрүүл хөрсөнд тарьсан хүнсний ногоогоор, эрүүл, аюулгүй тогтвортой хүнсний хэрэглээгээр иргэдийг хангаж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж байгаа гэж харагдахаар сайн мэдээ ч... Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох байгаль орчинд ээлтэй, аюулгүй, органик тогтвортой хүнсний хэрэглээ болж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хүнсний гол хэрэглээ болсон мах, сүү, ногоогоо бид байгаль орчинд ээлтэй технологоор дамжуулан тогтвортой хэрэглэж чадахгүй л байна. 

Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад аймгаас бодлогоор байгаль орчинд ээлтэй технологоор иргэдийг эрүүл, аюулгүй тогтвортой хүнсний хэрэглээгээр хангах зайлшгүй шаадлага буйг дуулгаж байна. Та бидний зохисгүй хэрэглээний нөлөөгөөр дэлхий нийт болон Монгол Улсад байгаль цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдан, хөрсний элэгдэл эрчимжиж, усны нөөц хомсдож байгааг бодитой ухамсарлан, эрүүл мэндийг дэмжсэн, аюулгүй, тогтвортой хүнсний хангамжийг эрэлхийлэн, хүнс хөдөө аж ахуйн салбарт органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлж үр хойчдоо эрүүл хөрс, ус, агаар, шим ертөнцийг өвлүүлэн үлдээхийг зорих нь бидний үүрэг болоод байна.

Холбоотой мэдээ