Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Замын-Үүд суманд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-09 10:29:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тавугаар  сарын 09-нд эхэллээ. 

Монгол Улсын шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны гэрээний дагуу аймгийн Онцгой байдлын газар, Замын-Үүд дэх Онцгой байдлын хэлтэс, Замын-Үүд сумын ЗДТГ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээ өглөөний жагсаал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах үзлэг сургуулиар эхэлсэн.

"Жил бүр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумдад гамшгаас хамгаалах сургалтыг шат дараалан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хоёр суманд команд штабын сургууль, нэг суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хийхээр төлөвлөсөн. Хэдхэн хоногийн өмнө Айраг суманд команд штабын сургууль зохион байгуулсан бол Замын-Үүд суманд иж бүрэн сургуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Цагдаа, хил, гааль гэээд олон байгууллагууд оролцож байна.

Гамшгаас хамгаалах сургуулийг зохион байгуулахдаа гамшгийн үед онцгой комисс, мэргэжлийн ангиуд бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа, үүссэн нөхцөл байдалд хэрхэн ажиллах болон  мэргэжлийн бэлэн байдлыг  хэрхэн хангаж  байгаа талаар шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөхөөс гадна шалган туслах ажлыг гүйцэтгэж буй. 

Зарим байгууллагууд ач холбогдол өгч сайн бэлтгэсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан эм хэрэгсэл, хоол хүнс, хүлээн авагч зэрэг 15 төрлийн хэрэгслийг иргэд бэлтгэх учиртай. Гамшиг осол гарсан үед тусламж иртэл хүн бүр  гурав хоногийн хугацаанд хэрэглэх дээрх зүйлсийг өөрийнхөө аюулгүй байдлыг хангахад зориулан бэлтгэх ёстой" гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэв.

Сургалт дадлагаар Замын-Үүд сум гамшгаас хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэх боломжтой байна уу гэдгийг судалж   мэдээллийг дараагийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийхэд ашигладаг байна.

Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр:Гамшиг ослын үед хэрхэн яаж ажиллах талаар ойлголттой болох нь хамгийн чухал



Монгол Улсын шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны гэрээ, аймгийн Засаг даргатай Замын-Үүд сумын Засаг дарга байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасан томоохон ажлын нэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэлж байна.

Сумын ЗДТГ-аас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангаж харьяа төрийн байгууллага, аж ахуй нэгжийн давхардсан тоогоор 500 гаруй хүн оролцож байгаа.  

Замын-Үүд сум хилийн томоохон боомт хот. Онцлог зүйлс ихтэй. Хил дамнасан хүн малын халдварт өвчин, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, нийтийн тээврийн осол гээд олон зүйл манай суманд тулгардаг. Гамшиг осол гарлаа гэхэд бэлэн байдлыг  сайтар хангаж ажиллах шаардлагатай юм.

Тухайлбал, иргэд юу хийх, мэргэжлийн анги болон төрийн байгууллагууд юу хийх, хэрхэн яаж ажиллах талаар тодорхой ойлголттой болоход дадлага сургуулийн зорилго оршиж байна.

Бид иргэдийг мэдээллээр хангах үүднээс 3000 гаруй брошур хэвлэж Замын-Үүд сумын өрх бүрт тараасан. Мөн орон нутгийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргэснээс гадна үүрэн телефон операторын сувгуудыг ашиглаж давхардсан тоогоор 50 гаруй мянган хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн гэв. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд эхний өдөр "Яаралтай цуглар” дохиогоор ажиллах, штабын дадлага, удирдах ажилтны бие бялдар, сэтгэл зүйн сорил дадлага сургууль болох бол 10-нд сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн дадлага сургууль, химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль, хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийн  ажлыг  тус тус зохион байгуулна.


Холбоотой мэдээ