Математикийн "Оюуны наадам" Завханы дөрвөн бүсэд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-08 17:38:18

Завхан /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батсайханы нэрэмжит математикийн 17 дугаар "Оюуны наадам" Завханы дөрвөн бүсэд болж байна. Эхний бүсийн шалгаруулалт Цагаанчулуут суманд болж Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын 300 гаруй сурагч, 30 гаруй багш, 40 эцэг эх оролцлоо. Багийн дүнгээр Цагаанчулуут сум тэргүүлжээ.

Харин говийн бүсийн шалгаруулалт өчигдөр болж Дөрвөлжин, Ургамал, Завханмандал гэхчлэн зургаан сумын 358 сурагч, багш, эцэг эхчүүд оролцож багийн дүнгээр Ургамал сум тэргүүлсэн байна. Өнөөдөр математикийн оюуны наадмын хойд бүсийн шалгаруулалт болж Түдэвтэй, Сантмаргац гэхчлэн зургаан сумын 300 гаруй сурагч багш нар оролцож байна. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил тус наадамд Завханы 24 сумын зургаан бүс, хоёр аймгийн ерөнхий боловсролын 31 сургууль, Увс аймгийн Өмнөговь, Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 3757 суралцагч, багш, эцэг эхчүүд амжилттай оролцож шилдгүүдээ тодруулжээ. Олимпиадын ерөнхий шүүгчээр Улаанбаатар хотын “Шинэ үе” ерөнхий боловсролын сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч, математикийн улсын үнэмлэхүй аварга Н.Дайвий-Од тэргүүтэй тус сургуулийн математикийн багш нар ажилласан байна.

Завхан нутгийн өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаараа овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах зорилготой оюуны наадамд жил бүр оролцож байгаа хүүхдүүдэд сурлагын амжилт хүсье. Мөн хүүхдүүдийнхээ сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж тэдэндээ цаг гаргаж сурах их үйлсэд нь хамтдаа байдаг эцэг эхчүүд болон ирээдүйн алдартай математикчдыг бэлтгэж буй багш нарт нь баяр хүргэе. Энэхүү “Оюуны наадам”-д  боловсролын салбарын тулгын гурван чулуу болсон багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа оролцдогоороо онцлогтой юм. Жил бүр наадамд оролцож буй хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарын тоо нэмэгдэж буй нь сайшаалтай бөгөөд бахархмаар амжилт юм хэмээн наадмыг зохион байгуулагч, санаачлагч аймгийн Засаг дарга Д.Батсайхан бүсийн наадмуудын нээлтэд оролцох үеэрээ онцолжээ.

2018 оны наадамд оролцогчдын тоо өнгөрсөн жилээс 131 оролцогчоор нэмэгдэж, оролцогчдын үзүүлсэн амжилт 11.2 хувиар өсжээ. 17 дахь удаагийн Оюуны наадмын бүсийн шилдгүүд өрсөлдөж энэ сарын 12-ны өдөр шилдгийн шилдгүүд тодрох юм байна. 

Холбоотой мэдээ