Баян-Өлгий аймаг руу онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-02 22:46:54

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдийг онцын шаардлагагүй бол Баян-Өлгий аймаг руу зорчихгүй байх, ноос ноолуур худалдан авахаар явахгүй байхыг анхаарууллаа.

Учир нь Баян-Өлгий аймгийн Цагаан нуур суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж гэр бүлийн хоёр хүн тарваганы түүхий хүн мах, элэг, бөөр идсэний улмаас нас барсан байна. Тиймээс тус аймаг руу онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сануулж зорчсон тохиолдолд тухайн бүс нутагт ариутгалд орох, тарвага агнахгүй байх, тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх, үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх, тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байхыг санууллаа. Мөн тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах, гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах, тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын шийдвэрээр Сонгино, Ургамал, Түдэвтэй, Дөрвөлжин суманд цагдаагийн пост ажиллуулж Баян-Өлгий аймгаас зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх талаар хяналт тавин ажиллаж байна.

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин

Дэлхий дахинд Африк, Ази, Өмнөд Америкийн зарим оронд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар байна.

Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой, энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг ажээ. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байна. Үүнд хэд хэдэн аймгийн сум бий. Манай аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгаа. Тиймээс иргэд жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь долоо хоногт орон даяар өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдаж байх хэрэгтэй.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр (бөөс) дамжин халдварладаг, булчирхай, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй Зоонозын гоц халдварт өвчин юм. Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсаны улмаас халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, чичрэх, хэвлийгээр өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх хүзүү, суга, цавины булчирхай томорч эмзэглэх зэрэг (1-6 хоногийн дотор) шинж тэмдэг илэрдэг хэмээн нэмж дуулгалаа.

Холбоотой мэдээ